Ойрд болоогүй үзэгдэл

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

“Телевизүүдийн чуулганаас бид юутай үлдэх вэ” хэмээх сэдэв жиргээчдийн уржигдрын гол сэдэв байсныг өмнө хэлсэн. Ямартаа ч уг чуулганы хүрээнд гадаадын контент нийлүүлэгчид Монголын телевизүүдтэй хамтран ажиллах яриа хэлцэлг хийсээр байгаа тухай мэдээлэл өчигдөр хэд хэдэн удаа дуулдав. Тухайлбал, “Монгол HD Walt Disney-гээс удахгүй болох ОСКАР-ын шагналын ёслолыг шууд дамжуулах эрхийг албан ёсоор авсан” тухай мэдээлэл жиргээчдийн дунд хамгийн олон түгжээ. Мөн өчигдрийн хувьд “томоохон оффисуудаар цайны цагийн үеэр эзгүйчлэн өрөөнөөс түрийвч, эд зүйлс хулгайлдаг бүлэг байдаг тухай” сэрэмжлүүлэг, “Хууль зөрчвөл бага мөнгөөр торгуулна, хууль сахивал их мөнгөөр татвар төлнө” гэсэн бухимдал, “Хонгконгийн бирж дээр “Энержи Ресурс” компанийн хувьцаа өнөөдөр 20 хувиар өсчээ. Ойрд болоогүй үзэгдэл байна”  “Оюутолгойн CEO асан, “Рио Тинто” компанийн захирал асан Камерон МакРэй Монгол Улсын “Скай Паать Партнерс” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр томилогдлоо” гэх мэдээллүүд онцлох жиргээ байлаа.

Эдгээрээс гадна ойрд болоогүй үзэгдлийн тухай өгүүлсэн, мөн нэгэн “түлхүүр үг”-тэй жиргээ өчигдрийн хувьд үндсэн сэдэв байсан гээд хэлчихэд буруудахгүй. Тэр үг нь “доллар”. Хоёрдугаар сард тогтмол өсөлттэй байж уржигдар орой 1800 хүрэх шахаж байсан ам.долларын үнэ бараг 50 орчим төгрөгөөр буурлаа. Өнгөрөгч өдрүүдэд “Найман шарга” зах болон арилжааны банкуудаар зарагдаж буй ам.долларын ханш 1795 төгрөгт хүрсэн бөгөөд ийнхүү өссөн шалтгааныг эдийн засагчид нүүрсний салбарын экспорт тэг зогссонтой холбон тайлбарлаж байв. Тэгвэл ам.долларын ханш өчигдөр хэдхэн цагийн дотор давтамжтайгаар уналт хийж орой ажил тарах үед Монголбанкны ханшаар ам.долларыг 1720 төгрөгөөр авах, 1750 төгрөгөөр зарах ханштай байв. Арилжааны банкнуудын хувьд ойролцоо үнэтэй байсан бөгөөд Хаанбанкин дээр нэг ам.долларыг 1733 төгрөгөөр авч, 1753 төгрөгөөр, Голомт банк 1723 төгрөгөөр авч, 1753 төгрөгөөр зарж байв.

Твиттер бол цаг үеийн мэдээлэл дамжуулах гол арга болоод буй. Энэ сувгаар авсан мэдээллээр бол арилжааны банкууд дээр өчигдрийн хувьд гурван ч удаа ам.долларынхаа ханшийг бууруулах “зааварчилгаа” ирсэн гэх юм. Жиргээчид ч шаагилдаж “Өнөөдөр Монголбанк овоо шүү, авч давхисан ам.долларын хазаарыг нэлээд сайн татаад авлаа. Одоо нам зогсоох хэрэгтэй дээ”, “Монголд долларын ханш буурч байна гээд цаад Америкийн твиттэрээр дүүрэн ууртай твиттерчид хихи” гэх зэргээр жиргэцгээсээр.

Ам.долларын төгрөгтэй харьцах уналт өнөөдөр үргэлжлэх болов уу, энэ л сонирхолтой байна даа.

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж