АН хариуцлага хүлээх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

АН хариуцлага хүлээх ёстой гэв

МАН-аас өнөөдөр Засгийн газарт хандаж, мэдэгдэл гаргасан байна. Засгийн газрыг төгрөгийн ханшийг тогтворжуулах, хамгаалах, чангатгах тусгайлсан бодлогыг нэн даруй боловсруулж яаралтай хэрэгжүүлэхийг Монгол банк, Засгийн газраас шаардаж, ийнхүү мэдэгдэл гаргажээ.

Мөн мэдэгдэлдээ, Өнөөгийн эх баригч АН-ын явуулж буй  алдаатай бодлого, үйл ажиллагааны уршгаар Монгол улсын нийгэм эдийн засаг өнөөдөр гүн хямралд орж, улс орны эдийн засаг, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор, хүндэрсээр байна. Өргөн хэрэглээний барааны үнэ, бензин шатахуун, валютын ханш өдөр өдрөөр, улам бүр өссөөр байхад эх баригчид ямар ч арга хэмжээ авахгүй, авч чадахгүй байгаад эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашиг, нийгмийн тогтвортой байдал, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэгч улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам ихэд санаа зовж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна. АН, Шударга ёс эвслийн Шинэчлэлийн гэх Засгийн газар өнгөрсөн нэг жил долоон сарын дотор засч залруулахад хүндрэлтэй, их цаг хугацаа шаардагдах олон тооны бодлогын ноцтой алдаа гаргаж Монгол улсын нийгэм эдийн засгийг гүн хямрал руу түлхээд байна. Энэ богино хугацаанд Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, Хятадын хөгжлийн банкнаас зээлсэн 280 сая ам.доллар, Самурай бондын 290 сая ам.доллар, Хөгжлийн банкинд байршуулж үлдээсэн 580 сая ам.доллар нийт 2 тэрбум 650 сая ам.долларын гадаад зээл шинээр авч, түүнчлэн дотоодын зах зээлээс 2013 онд нийт 890 тэрбум төгрөгийн зээл авч зарцуулсан нь нийт 5 их наяд 529 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31,5 хувьтай тэнцэх өр тавьсан байна.

Мөн Монгол банктай хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэртэй 3 их наяд төгрөгийг хэвлэн, зээл нэртэй зарцуулсан нь үр дүнгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдсөн, эдийн засгийн нэг салбараас нөгөө рүү нь инфляцийг хөөрөгдөж, нийт эдийн засагт тарааснаар өнөөдөр улс орны эдийн засгийг тогтворгүйжүүлээд байна. Улсын өрийг эрс ихэсгэж, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр нийт 8 их наяд 529 тэрбум төгрөг зарцуулж, зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь эдийн засаг, нийгмийг тогтворгүйжүүлж, энэ нь  гадаад худалдааны алдагдал болон гарч, дотоодын ААН-үүд, иргэд болон Монгол банкинд өр болон үлдээд байна.

Гадаад валютын  нөөц огцом буурлаа. 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн  хямралын үед Монгол Улсын валютын нөөц 340 сая ам.доллараар буурч байсан бол өнөөдөр дэлхий нийтээр хүндрэл, хямралгүй байхад Монгол улсын гадаад  валютын албан нөөц 2012 онд 4,125 тэрбум ам.доллар байсан нь 2013 оны эцэст 71 гаруй хувиар буюу 1,193 тэрбум ам.доллар болтлоо буурлаа.

Дээрх алдаатай бодлого, үйл ажиллагааны үр дагавар нь үндэсний мөнгөн тэмдэгт рүүгээ хийсэн дайралт болж, төгрөгийн ханшийг 33 хувиар сулруулж, Монгол банк хуулиар хүлээсэн “үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах” үндсэн үүргээ биелүүлэх чадваргүйг баталж байгаагийн дээр, цаашид валютын ханшийг тогтворжуулах боломжгүй ноцтой байдалд хүргээд байна.

Ам.долларын ханш өсөх нь эрх баригчдын хэлж, ярьж байгаачлан “дотоодын үйлдвэрлэлийг дэмжих таатай орчин, боломж” биш харин эсрэгээрээ Монгол Улсын хөгжлийг тодорхойлж ачааны хүндийг нуруундаа үүрч яваа, цаашид ч авч явах үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд зардал өсгөх дарамт болж, үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна.  2012 онд ХАА-н чиглэлээр 2878 ААН үйл ажиллагаа эрхэлж байсан бол 2013 онд  839 болж, Уул уурхай, олборлолтын чиглэлээр 430 ААН үйл ажиллагаа явуулж байсан нь 70 болж, Боловсруулах аж үйлдвэрийн салбарт 4492 ААН үйл ажиллагаа явуулж байсан нь 2644 болж буурсан нь манай улсын эдийн засгийн доройтол ямар түвшинд хүрээд байгааг харуулж байна.  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед “ам.долларыг 1384 рүү буулгана” гэж ам өгч байж хүч түрэн баталсан эрх баригчид өнөөдөр жолоо цулбуургүй өсч байгаа ам.долларын ханшийн өсөлтийг зогсоох, бууруулах тодорхой арга хэмжээ авахын оронд “Битгий муу амлаад бай, эдийн засаг сэргэнэ, сайжирна” хэмээн худлаа ярьж, ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх тодорхой бодлого, бодитой ажил гээд хэлчих юмгүй, Төсвийн хуулийг ноцтой зөрчөөд сууж байна.

МАН Засгийн газрын  алдаатай бодлого, үйл ажиллагааг удаа дараа шүүмжилж, засч залруулах талаар тодорхой санал санаачлага гаргаж байсан хэдий ч  АН, түүний УИХ дахь бүлэг алдаатай бодлого үйл ажиллагааг нь таслан зогсоож, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийн оронд өөгшүүлэн дэмжиж одоогийн энэ ноцтой хямралд хүргэсний хариуцлагыг АН, түүний тэргүүлж байгаа Засгийн газар хүлээх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж