Д.Оюунхорол Завхан аймагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол Завхан аймагт ажиллана

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Завхан аймагт ажиллана

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хоёрдугаар сарын 27-ноос буюу өнөөдрөөс Завхан аймагт ажиллахаар хөлгийн жолоо заллаа.

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд аймгийнхаа иргэд сонгогчидтой уулзаж, УИХ-аар баталсан болон хэлэлцэж буй хуулийн талаар танилцуулж, улс орон, аймаг орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар бодол, сэтгэлээ хуваалцан, мэдээлэл солицож ард иргэдийн аж амьдралтай танилцах юм байна.

Завхан нутгаас гурав дараалан УИХ-д сонгогдоод байгаа Д.Оюунхорол гишүүн 2013 оны УИХ-ын намрын чуулганд УИХ дахь МАН-ын бүлгийн 2014 оны улсын төсвийн ажлын хэсгийг ахлаж ажилласан бөгөөд 2014 онд улсын төсвөөр тойрогтоо 57.4 тэрбум төгрөг буюу улсын хэмжээнд эхний гуравт орох хэмжээний хөрөнгө оруулалтыг батлуулж чаджээ.

Үүнээс гадна 2014 оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нь  тусгагдахаар “0” өртөгтэй суусан бүтээн байгуулалтын ажил 9 байна. Үүнд Улиастай хотын Спорт цогцолборын барилга, Ахуйн үйлчилгээний төвийн барилга, Цэцэн-Уул, Түдэвтэй, Баянтэс, Эрдэнэхайрхан, Отгон сумдын Соёлын төвийн барилгууд, Тосонцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгууд оржээ.

Завханчуудад барьж байгаа бас нэгэн бэлэг бол УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гаргасан хүсэлтийн дагуу Монгол улсын тэргүүн хатагтайн тэргүүлдэг “Итгэл хавдаргүйн Монголын Үндэсний сан”-гаас “Завхан-Сэтгэлийн дэм” 24.0 сая төгрөгний санхүүжилт бүхий төслийг 2014 оны 1-р улиралд хэрэгжүүлж орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж бүхий хавдар, хөнгөвчлөх эмчилгээний 6 ортой, 2 палатыг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт байгуулж өгөхөөр болсон байна.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж