Хотын даргад хууль давж шийдвэр гаргах эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Хотын даргад хууль давж шийдвэр гаргах эрх байхгүй

“Хотын соёлыг дэмжих холбоо” хэмээх гоё нэртэй Ревирсаундс, Холливуд баарны төлөөлөл оролцсон хүмүүс Нийслэлийн Засаг даргатай уулзлаа. Өнөөдөр Монгол Улсад мөрдөж байгаа хуулинд, 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон атал удаа дараа цагийн хуваарь зөрчин, торгууль шийтгэл хүлээдэг ч зөрчлөө арилгадаггүй, тэгж л байх ёстой мэт үздэг 61 баар, цэнгээний газар, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар зургаан сарын хугацаагаар цуцалсан билээ. “Хотын соёлыг дэмжих холбооныхны” мэртэй уулзсан шалтгаан энэ асуудалтай холбоотой. Тэд, “Бид өндөр үнээр, соёлтой үйлчилдэг, элдэв хэрэг төвөг манай бааруудад гардаггүй” хэмээсэн. Харин Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баатаржавын  хэлснээр энэ онд л гэхэд 61 бааранд 130 гэмт хэрэг, зөрчил гарч, 28 сая төгрөгөөр торгуулсан бол нийт гарсан хэргийн 50 гаруй хувь нь цаг хэтрүүлсэн үед үйлдэгдсэн гэдгийг өдөр, цаг, эзэнтэй нь дуулгасан. Харин Ерөнхий менежер Ч.Бат, хот зөвхөн дээрх 61 газартай л ноцолдоод тэднийг чангалаад байгаа юм биш. Хууль дүрэм зөрчсөн 400 гаруй ийм газрын тусгай эрхийг цуцалсан, тэд зөрчил дутагдлаа арилгах ажлаа л хийж байгаагаас хэл ам татлаагүй. Бас архаг архичдыг цэгцлэх, зөвшөөрөлгүй архи зарж байгаа үйлчилгээний байгууллагууд байгаа эсэхэд хяналт тавих гээд түмэн ажил бий. Тэгээд ч бид энэ асуудлаар олон удаа ярьж та бүхэнд анхааруулага, сануулга өгч байсан шүү дээ хэмээн тодруулсан. Ийнхүү хоёр тал ярилцсаны эцэст хотын дарга “өнөөдөр та нар бид соёлтой үйлчилдэг гэж л байна. Тэгвэл Улаанбаатарт интернетед холбогдоод мэдээлэл авчих, хотын тухай гадны хүнд мэдээлэл өгдөг баар бий билүү, байхгүй шүү дээ. Баарны эзэд зөвхөн архи зарахын төлөө л улайран зүтгэдэг, өндөр ашиг олсныхоо төлөө үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг бодсон ажил санаачилдаггүй, хийдэггүй  биз дээ” гэхэд баарны төлөөлөл хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр цааш нь бид өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулиа л мөрдөнө. Өөрөөр хэлбэл, ”Согтууруулдах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилэхийг хориглоно” гэсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дугаар заалтыг л мөрдөнө. Хууль байсаар атал түүнийг давж шийдвэр гаргах эрх хотын даргад байдаггүй юм хэмээлээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж