Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос үзүүлж байгаа дээрх дэмжлэгийн нэг нөхцөл нь хамтын ажиллагааны хүрээнд Монголын тал санхүүгийн тодорхой хэсгийг өөрсдөө харуицах ёстой юм байна. Тодруулбал, гүйлтийн зам тавих суурийн ажлыг манай тал өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болоод байна. Энэ ажлын явцтай танилцахаар УИХ-ын гишүүн, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд болон УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Эхний ээлжинд байгууламжийн суурийг тавихад 500 орчим сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаагийн тодорхой хэсгийг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон өвлийн спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд шийдэж болох арга зам байгааг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Оюунгэрэл онцолсон. Эхний ээлжийн санхүүжилтийг шийдэх үүргээ Монголын тал биелүүлсэн тохиолдолд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт орж ирэх энэхүү бололцоог алдаж болохгүй гэдгийг төслийг санаачлагчид тайлбарлаж байна.
Олимпийн хөтөлбөрт хөнгөн атлетикийн 40 гаруй төрөл багтдаг. Дэлхий нийтэд өргөн тархсан, өндөр нэр хүнд бүхий энэ спортыг Монголд хөгжүүлэхийн тулд юуны өмнө зориулалтын зам талбай байгуулах, энэ спортоор хүүхэд залуус хичээллэх нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой гэж Монголын хөнгөн атлетикийн холбоо үзэж байна. Энэ зорилтын хүрээнд Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд хандаж, олон улсын стандартын гүйлтийн зам, талбайг Монголдоо байгуулахаар болсон нь энэ юм. Энэхүү байгууламжийг мөн өвлийн улиралд спортын төрлийн, тухайлбал шорт трейк, гүйлтийн тэшүүр, хоккей, уран гулгалтын бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм байна.