Амьдрал бүхэлдээ абсурд

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Амьдрал бүхэлдээ абсурд

Та бидний туйлаас абсурд амьдрал

Би абсурд жүжигт дуртай. Унших дуртай. Уншсан жүжгүүдээ тайзнаа тоглохыг үзэх бүр ч дуртай. “Ийм юм үзээд яаж ойлгодог юм?” гэж асуух хүн зөндөө байдаг. Яг л бидний тухай, бидний энэ амьдралын тухай тэнд өгүүлж байхад яагаад ойлгохгүй байх гэж? Эргэн тойронд маань амьдрал тэр чигээрээ л абсурд шүү дээ.

Миний нэг таньдаг эмээ Майкл Жексонд маанийн ерөөл уншуулснаа ярьж байсан юм. Ач хүү нь попын хааны араас гашуудаад байхаар нь аргаа бараад ном уншуулсан гэдэг. “Талийгаачийн нэр хэн бэ?” гэж хийдийн лам асуухаар нь нэрэлхээд “Нэрийг нь мартчихжээ, миний хүү” гэж худлаа хэлсэн гэсэн. Нэр нь мартагдсан тэр нэг талийгаачид зориулж уншсан маанийн ерөөл абсурд. Худлаа хэлж хэлчихээд, хулгай хийж хийчихээд боловсон хулгайч нар өндөр өндөр суварга бариулж, өт шоргоолж хооллон, аминдаа нүглээ нимгэлж арван цагаан буяны замаар алхаад орчихлоо гэж санах нь абсурд. Интерполоор зарлуулахаасаа айдаг мөртлөө үйлийн үрийн дэнснээс эмээж мэддэггүй шинэ цагийн шилийн сайн эрчүүдийн мунхаг зориг абсурд.

Хайр гэдэг мэдрэмж зүрх сэтгэлээс нь бус зоосны нүхээр урсаж гардаг зарим нэг залуусын амьдрал абсурд. Дарга нарынх нь бөгс ирвэгнээд байдаг болохоор сахлаа ургуулахаас айдаг бялдуучлахаас өөр эрдэм чадалгүй долдойнуудын зорилго абсурд. Сахлаа ургуулах зүрхгүй байгааг нь хараад хачин ихээр баясах маадгар түшмэдийн таашаал бас л абсурд.

Давхар давхар дээл өмсөөд жимбийтэл нь бүсэлчихсэн байж “Дан дээлтэй гарсан юмсан …” гэж сэнгэнэтэл дуу аялах сайдуудын концерт абсурд. Дэлхий яагаад дулаараад байгаагийн учрыг олох гэж дор бүрнээ цэцэрхдэг хэрнээ дээр нь байгаа хүмүүс өөрсдөө мөс шиг хүйтэн болж байгааг анзаардаггүй бидний ухаан абсурд.

Амьдрал минь тэр чигээрээ абсурд. Яг л насаараа хүлээсэн уран илтгэгч сая л нэг юм иртэл нэг ч үг хэлж чадахгүй хэлгүй ноёнтон байдаг шиг. |Ионескогийн “Сандлууд” жүжигт гардаг үйл явдал| Хэлгүй хүнээс гайхамшигт уран яруу илтгэл сонсоно гэж бүх насаараа хүлээсэн  золгүй өвгөн эмгэн хоёрын амьдрал ямар утгатай вэ? Та бидний туйлаас утгатай хэмээн андуурч байгаа туйлаас утгагүй хоосон амьдралын тухай абсурд жүжиг сануулдаг юм. Хүлээж хүлээж ирсэн уран илтгэгч хэлгүй байсан шиг хүлээж хүлээж байгуулагдсан Соёлын яам үнэндээ Т.Батаарыг хайх, олох, судлах, зурах, бичих чиг үүрэгтэй палеонтологийн хүрээлэн байсан нь туйлаас абсурд. Тэгэхээр “Сандлууд” жүжиг та бидний тухай өгүүлсэн байж таарах нь. Black Box театрт энэ жүжгийг тоглож байгаа. Очиж үзээд өөрсдийгөө нэг чимхүүлээд авахад гэмгүй. Бидэнд “ухамсрын шанаа” өгөх дараагийн бүтээл нь давхар давхар дээлтэй, даварсан түшмэдийг “авч хэлэлцэх” юм гэсэн. Гэхдээ үзэгч зүгээр л даараад зузаан хувцас өмссөн хүний тухай юм байна гэж ойлгож болох л юм. Тэр бол абсурд театрын танд өгч буй эрх чөлөө шүү дээ.

Б.ЦАЦРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж