Тэр амьдрахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Тэр амьдрахыг хүсч байна

Нүднээс гартлаа турж эцэж, хүйсэн дээрээ хүний толгойн чинээ том эвэрхийтэй болсон н.Гантуяа бүсгүй ард олондоо хандаж хандив тусламж гуйж байна. ХААИС-ийн нэгдүгээр курст суралцаж байхдаа элэгний өвчин сэдэрснээс болж сургуулиасаа гарчээ. Анх дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа шар өвчин туссан н.Гантуяа элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоос аргагүйд хүрчээ. Одоогоор  “Найдвар хос пис” хөнгөвчлөх тусламжийн эмнэлэгт хэвтэж байгаа тэрбээр хөл дээрээ удаахан ч зогсож чадахгүй байв. Хэвлий нь устаж, тав хоног тутамд хатгуулдаг гэнэ. Сард зургаан удаа, сүүлийн нэг жилийн хугацаанд 72 удаа хэвлийнээсээ ус авахуулсан Гантуяа бүсгүйд төрсөн ах нь донор болж элгээ өгөхөөр шийдсэн ч хагалгаанд шаардлагатай хөрөнгө мөнгөгүйгээс хүнд байдалд ороод байгаагаа хэвлэлийн бага хурал хийж ард олноосоо тусламж хүслээ.

Хэвлэлийн хуралд Энэтхэгийн Сир Ганга Рам эмнэлгийн албан ёсны төлөөлөгч Ц.Одгэрэл, уг эмнэлэгт эмчлүүлж эдгэрээд ирсэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, “Найдвар хос пис” эмнэлгийн эмч Б.Энхтуяа нар оролцсон юм. Өнөөдөр монголчуудын дунд элэгний өвчлөл хамгийн түгшүүртэй төрүүлээд байгаа бөгөөд элэгний хатуурал, ВС вирусийн тархалт их байгаа нь эрүүл мэндийн салбарын доголдлоос үүдэлтэй гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа.

Нэвтрүүлэгч Б.Гантигмаа:

-Энэтхэг улс руу явахынхаа өмнө та бүхэндээ амласанчлан эгчийгээ эдгээгээд сайн яваад ирлээ. Бидэнд хөрөнгө мөнгө, сэтгэл санааны дэм үзүүлсэн бүх хүмүүст баярласнаа илэрхийлье. Элэг шилжүүлэн суулгана гэхээр өвчтэй байгаа хүн нь ч донорууд нь сэтгэл санааны бэлтгэл, мэдээ мэдээлэл дутмаг байдаг. Элгээ өгсөн хүнийг эрэмдэг, тахир дутуу болж байгаа юм шиг ойлгодог. Үнэндээ бол гадаадын улс орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь энгийн л нэг хагалгаа байдаг юм билээ. Эгч бид хоёрын эмчлүүлээд ирсэн Сир Ганга Рам эмнэлгийн эмч Намьши Мехта л гэхэд 95 хувийн баталгаа гаргаж өгдөг. Үлдэж буй таван хувь нь өвчтөний өөрийнх нь гам хэрхэн сахих, сэтгэл санаа ямар байхаас учирдаг эрсдэл эзэлдэг юм билээ. Бүхий л жаргал зовлонг нь биеэр туулаад ирсний хувьд Гантуяад маань дэм хайрлах сэтгэл монголчуудад маань байгаа гэж найдаж байна гэлээ.

Б.Болормаа /Гантигмаагийн эгч/  тус эмнэлгийн 24 дэх өвчтөн бөгөөд тэдэнтэй хамт 6-7 хүн хагалгаагаа хийлгэсэн байна. Мэдээж тэд сүүлийнх биш. Элэг шилжүүлэн суулгахаас аргагүй гэсэн онош сонссон олон арван хүн бий.  Тэдэн дунд боломжтойгоосоо боломжгүй нь олон. Хэдийгээр манай эмч нар элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн боловч багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдлаас болж төдий л олон хүнд хүртээмжтэй байж чаддаггүй.

“Найдвар хос пис” эмнэлгийн эмч Б.Энхтуяагийн хэлж буйгаар хөнгөвчлөх үйлчилгээнд хамрагдаж буй өвчтөнүүдийн олонх элэг нь өвчилсөн хүмүүс байдаг ажээ. Хөнгөвчлөх үйлчилгээ гэдэг ойлголт ч шинэ тутам байдгаас олон арван хүн өвчиндөө шаналсаар хорвоог орхидог байна. Б.Энхтуяа эмч 25-хан насандаа шаналж буй хөөрхий бүсгүйд туслахын тулд тус эмнэлгийнхэн эрвийх дэрвийхээрээ хичээж байгааг дурдаад ийм эмгэнэлт тавилан та бидний хэнд ч тохиолдох авултайг сануулахыг хүссэн юм. Монгол хүмүүс дэндүү хэнэггүй зантайгаасаа болж өвчнөө хүндрүүлдэг гэмтэй. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ ядаж хоёр удаа үзүүлчихдэг байхыг хүсч байлаа.

Элэгний хүнд өвчинд нэрвэгдсэн н. Гантуяа бүсгүйд туслая гэвэл та түүний нэр дээр  хандивын данс  нээгээд байгаа ажээ. Хаан банкны 5114162219 тоот, Голомт банкны 3100001912 тоот дансанд хандив цуглуулж эхэлсэн байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж