Төв Африкийн Бүгд найрамдах улсад өнгөрсөн гуравдугаар сард исламын шашны “Селека” бүлэглэлийн зэвсэгт дайчид Бангуй дахь Засгийн газрыг түлхэн унагаснаар хар тивийг цусанд умбах эхлэлийг тавьсан юм. Улмаар “Селека”-д харьяалагдаж байсан жижиг бүлэглэлүүд болон “Харуудын эсрэг” нэртэй христийн зэвсэгт бүлэглэлийн хооронд өрнөсөн дайн тулаан, шашны мөргөлдөөнөөс болж олон мянган хүн амь үрэгдэж, хүн амын бараг дөрөвний нэг нь орон гэрээсээ дүрвээд байна. Төв Африкийн Бүгд найрамдах улсын дийлэнхи нь христийн шашинтай бөгөөд 10-15 хувь нь л исламын шашинтан юм. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сард Төв Африкийн төрийн эрхийг барьж байсан “Селека” босогчдын тэргүүн Мишель Жотодиа олон улсын шахалт, дарамтанд дор суудлаасаа огцорсон нь зөрчил мөргөлдөөнийг улам өдөөжээ.
НҮБ-аас Төв Африк дахь зөрчил мөргөлдөөн, харгислал хэрээс хэтэрч буйг анхааруулж байна. Төв Африкийн исламын шашны хэт даврагчид христийн шашинтнуудын эсрэг "цэвэрлэх ажиллагаа" явуулж эхэлжээ. НҮБ-ын энхийн сахиулагчид Төв Африкийн нийслэлээс холгүй орших Селека босогчдын цэргийн хуарангаас хүмүүсийг олноор нь булсан том булш олсон нь үүнийг батлах аж. Исламын хэт даврагчид христийн шашинт иргэдийн эсрэг харгис эрүү шүүлт, тамлал, хядлага үйлдэх нь нүд халтирам.
Нөгөө талд Төв Африкийн Засгийн газрын цэргүүдийн хэрцгий, балмад үйлдэл олон улсыг цочроов. Засгийн газрын цэргүүд хуучин “Селека” бүлэглэлийн босогчдын нэг байсан гэх залууг хутгалж, улмаар зэрлэгээр тамлан хөнөөж байгааг "Associated Press" агентлагийн зурагчин Жероме Делэй дурандаа буулгажээ. Түүнчлэн Христийн шашны “Харуудын эсрэг” зэвсэгт бүлэглэлийнхэн хойд хэсгийн исламын шашинтнуудын эсрэг өшөө авах дайралт хийж байна. Ийнхүү төв африкчууд шашны мөргөлдөөнөөс болж биенээ хядаж байгаа аж.
Төв Африкт шашин хоорондын мөргөлдөөн гарч эхэлснээс хойш Африкийн холбооны 6000 хүн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Үүн дээр нэмж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 3000 цэрэг ойрын хэдэн долоо хоногт Төв Африк руу илгээхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн НҮБ-аас хүний эрх, хууль дүрмийг сахиулах зургаан талт төлөвлөөг боловсруулан баталжээ. Энэхүү төлөвлөгөөнд Африкийн холбооны цэргүүдийг санхүү, ар талын дэмжлэг үзүүлэх, Төв Африкийн Засгийн газарт байдлыг хяналтандаа авахад туслах, улстөрийн эвлэрлийг түргэсгэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал багтаж буй аж.
Үүний зэрэгцээ Франц улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны эрх дор хуучин өөрийн колони байсан Төв Африкт 2000 цэргээ байрлуулаад байгаа билээ. Франц улсын зүгээс Төв Африкт цэргийн хүчээ илгээсэн нь тус улс дахь нефть, ураны нөөцийг хамгаалах ашиг сонирхлоо тэргүүнд тавьсан хэрэг аж.
1960 онд тусгаар тогтносон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын дотоод асуудалд Франц улс нэлээд хэдэн удаа оролцжээ.
Франц улсын эрчим хүчний эх үүсвэрийн 75 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг. Иймээс Африкийн ураны нөөцөөс чанга атгах шаардлага гарч буй юм. Энэ нь Төв Африкт цэргийн хүчээ илгээх хангалттай шалтгаан аж. Түүнчлэн Төв Африк нь алт, алмааз, зэс зэрэг олон төрлийн эрдэс баялгийн нөөцтэй.
Шашны бүлэглэлүүдийн зөрчил мөргөлдөөний хөлд олон зуун хүн хохирч, гэм зэмгүй хүүхдүүд өнчрөн хоцорч байна. Өдөр бүр гарч буй зөрчил мөргөлдөөний улмаас олон мянган хүн гэмтэж бэртэж, ихэнхи нь эмнэлгийн тусламж авч чадахгүй шарх, өвчиндөө шаналах аж. Хохирогчид голдуу сум, хутганы шархтай, ихээр зодуулж гэмтсэн байх бөгөөд тэдний дунд бага насны хүүхэд олон байгаа юм. Олон улсын тусламжийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш 3600 хүн сум, хутга, гранатны шархтайгаар эмнэлэгт хүргэгдэн иржээ. Хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлэхээр Төв Африкийн хилийн мужуудад 2000 эмч, сувилагч, гадаадын хүмүүнлэгийн 250 гаруй сайн дурынхан ажилтан ажиллаж байна.