Нүдний халдварт өвчин дэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Нүдний халдварт өвчин дэгджээ

Сүүлийн үед нүдний халдварт өвчин хүүхдүүдийн дунд эрс нэмэгдээд байна. Мэргэжлийн нүдний эмч нарын ярьснаар нүдний ханиадаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж, халдварлалт хурдацтай байгаа гэнэ. Эцэг, эхчүүд ч энэ өвчний талаар холбогдох хүмүүсээс тодруулж өгөхийг хүссэний дагуу бид нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэгтэй холбогдлоо. Тэрбээр “Одоогоор тархаад байгаа өвчлөлийг яг нүдний ханиад гэж нэрлэх үү, үгүй юу гэдгийг шийдээгүй байгаа. Нүдний эмч, мэргэжилтнүүд өвчлөл их байгаад эмзэглэж байна. Бид хоорондоо мэдээлэл солилцож байгаа. Ерөнхийдөө эцэг, эхчүүдээс ч гэсэн өвчлөл их байгаа талаар болон ямар эмчилгээ хийх тухай сонирхсон асуулт ирж байна. Харин дүүргүүдийн эмнэлгүүдээс бол албан ёсоор бидэнд хандаагүй. Гэхдээ бидэнд ирсэн зарим мэдээллийг нэгтгээд Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү хүргүүлчихсэн байгаа. Тэнд бүхэл бүтэн тандалт, судалгааны алба ажилладаг. Тэд өвчний талаар судалж байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Үүний дагуу бид хүүхдүүдийн нүд улайж, загатнах шинж тэмдгээр илэрч, бүх насныханд хурдацтай тархаж байгаа нүдний өвчний талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт, чанарын албаны дарга Г.Амуугаас тодрууллаа.

-Сүүлийн үед нүдний ханиад гэх халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо маш хурдан нэмэгдэж байна. Энэ талаар та бүхэнд ямар мэдээлэл байна?

-Яг нүдний ханиад гэж албан ёсоор нэрлээгүй байгаа. Ямар ч байсан адено вирусээр үүсгэгдсэн, харшлын гаралтай нүдний халдварт өвчин гадуур их байгаа нь үнэн. Манай төвийнхөн энэ өвчнийг ямар шинж тэмдгээр үүсгэгдсэн, хэрхэн халдварладаг, ямар хор хөнөөлтэй, илрэх шинж тэмдгийг нь олох гээд өргөн бүрэлдэхүүнтэй тандалтын баг ажиллуулж эхлээд байна. Энэ өвчний талаарх шаардлагатай зөвлөмжийг шинжилгээний үр дүн гарсны даа иргэдэд хүргэх болно.

-Нүдний өвчнөөр өвчилсөн хүмүүс танайд хэр хандаж байна. Өвчилсөн хүмүүсийн тоог дунджаар гаргах боломжтой юу?

-Тэр тоог нарийн мэдэхгүй байна. Нүдний өвчин учир хүмүүс голдуу нүдний эмч нарт  хандаж байна. Бид өвдсөн хүмүүсийн тоог гаргахаар ажиллаж байгаа.

-Ихэвчлэн ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Өвчилсөн хүмүүсийн яриагаар ихэнх тохиолдолд нүд улайх, загатнах шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Өвчтөнд хийж буй эмчилгээний хувьд  харшлын давхар эмчилгээ үр дүн өгч байгаа болохоор харшлын гаралтай өвчин байж болох юм.

-Халдварлалт хурдан байна гэх юм. Яг ямар замаар халдварладаг вэ?

-Хүний нүдний хос эрхтний нэг нь өвдлөө гэхэд нөгөөдөө халдварладаг. Нэг нүд нь өвдсөн үед богино хугацаанд нөгөө нүд нь өвддөг. Өвдсөн нүдээ гараараа арчиж нухсан хүн тэр гараараа ямар нэгэн зүйлээс барих гэхчлэн. Ихэнх тохиолдолд ахуйн замаар хүнээс хүнд халдварладаг.

-Өмнө нь  манайд ийм өвчин гарч байсан уу?

-Өнгөрсөн жил нүдний эмч нар иймэрхүү зүйл ярьж байсан. Тэгсхийгээд л чимээгүй болсон болохоор тоймтой судалгаа гараагүй байх. Гэхдээ шинэ өвчин бол биш. Сургууль, цэцэрлэг амарч таарсан байгаа болохоор халдвар бага байгаа байж магадгүй.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж