Түгээх сүлжээний алдагдлыг бууруулах эрчим хүчний төслийг 2001 оноос Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын гэр хороолол, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг есөн аймгийн цахилгаан түгээх сүлжээг хамруулан хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн үр дүнд “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн эрчим хүчний алдагдал 32.6 хувь байснаа 20.7 хувь, аймгуудын эрчим хүчний станцын шугамын алдагдал 21.6-45.3 хувь байснаа 8.4-26.4 хувь хүртэл буурч, 2008 оны байдлаар төслийн үр ашиг 11.3 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээнд хүрчээ.
Харин сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон бусад томоохон хотын хүн ам эрс өсч, байшин барилга нэмэгдэн хотжих үйл явц хурдсахын зэрэгцээ уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлтөөс үүдэж эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсээр байна. Гэвч “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн шугам тоноглолын ашиглалтын хугацаа дууссан, хуучир муудсан, үйлдвэрлэлээс хасагдсан зэргээс шаардлагатай сэлбэг хэрэгсэл нь олдоцгүй болсон, түүнчлэн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн хотын төв хэсэгт тэжээлийн гол кабелиуд ачааллаа даахаа больсон, дэд станцуудад шинээр холболт хийх боломжгүй болсон тул Засгийн газар Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг найдвартай болгох, хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг ойрын хугацаанд хангахад нэн шардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг одоо хэрэгжиж байгаа төслийн нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Энэ үндсэн дээр Дэлхийн банкны 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ХК-д шаардлагатай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээс гадна төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний төлөвлөлтийг сайжруулах сургалт, зөвлөх үйлчилгээ, программ хангамж худалдаж авахаар тохиролцжээ. Энэхүү нэмэлт зээлийг манай улс 2049 он хүртэл 40 жилийн хугацаанд Дэлхийн банкинд буцааж төлөх агаад 2009-2019 он хүртэлх 10 жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Харин Дэлхийн банкнаас дунд хугацаанд Могол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн стратегийн баримт бичгийн хүрээнд нийтдээ 90 сая ам. долларын дөрвөн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсоноос найман сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт санхүүжилтэд зарцуулахаар Дэлхийн банктай урьдчилан тохиролцоод байгаа аж. Хоёр тал өнгөрсөн хугацааны туршилтын үр дүнд Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог цаашид орон даяар нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд ингэхдээ даатгалд хамрагдах аймгуудын тоог жилд цөөн тоогоор буюу 2010 онд тав, 2011 онд зургаа, 2012 онд зургаан аймгийг хамруулах замаар 2013 он гэхэд мал сүргийг индексжүүлсэн аргаар даатгах тогтолцоог бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.