Телевизүүдийн чуулганаас юутай үлдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Телевизүүдийн чуулганаас юутай үлдэх вэ?

Монголын телевизүүдийн чуулган жиргээчдийн дунд онцлох сэдэв байлаа. Тус чуулган өнөөдөр ч мөн үргэлжлэх бөгөөд “Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд чуулж байна. Монголын телевизүүдийн холбоо анх удаа зохион байгуулж байгаа уг чуулганаас телевизээр гарч буй контентын талаарх яриа илүүтэй олны анхаарлыг татаж байлаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлд  16, орон нутагт 80-аад телевиз үйл ажиллагаа явуулж байгаа.  Тэгэхээр манай улсад нийт 100 орчим телевиз гурван сая үзэгчийн төлөө өрсөлддөг аж. Хэлэлцүүлгийн үеэр дурдагдсан сонирхолтой тоо баримт, түүнийг тойрсон санал шүүмж жиргээгээр арвин байв.

Тухайлбал, “Бид гурван сая уулаа 285 телевизтэй нэг хүнд ноогдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлдэг 16216 хүн тутам нэг телевиз” “Монгол улс одоогийн байдлаар 187 телевизийн сувагтай. та хэдийг нь vздэг вэ?” “Нийт телевизvvдийн 73% нь 5,000 хvрэхгvй vзэгчтэй байна” “Оройд савангын дууриас өөр үзэх юмгүй энэ олон телевизүүд нэг л бодлогоор явдаг юм даа” “Олон нийтийн радио телевиз – 1,2-р суваг, Арилжааны телевиз – Улсын хэмжээнд -16, орон нутагт -84, Кабелийн суваг –Улаанбаатарт-77, орон нутагт -8, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч КаТВ – 81, IPTV-2, хиймэл дагуулын -1, Мобайл ТВ-1” гэцгээж байв.

Хэлэлцүүлэг ширүүн өрсөлдөөн дунд байгаа телевизүүдийг цаашид хэрхэн зөв замаар хөгжүүлэх вэ гэдэгт төвлөрч байв. Телевизийн салбарт тун удахгүй техникийн томоохон дэвшил хийж, бүх телевиз нэг өдөр, нэг цагт тоон системд зэрэг шилжинэ. Иймд Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа энэ шинэчлэлийн талаар илтгэл тавьсан байна. Дараагаар нь ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн энэ салбарт дагаж мөрддөг хууль, эрх зүйн орчныг танилцуулсан бол “Максима консалтинг” компаний Судалгаа хариуцсан захирал Я.Хишигсүрэн “Монголын телевизийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. ХХЗХ-ноос телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр олон журам баталсны нэг нь зохиогчийн эрхийг хүндэтгэн, энэ эрхийг зөрчихгүй байх явдал юм. Иймд Монголын оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга Д.Дэлгэрцоо зохиогчийн эрхтэй холбоотой хуулийн заалтууд, эдгээрийн мөрдөлт ямар түвшинд байгааг танилцууллаа. Мөн “IPTV болон телевизүүдийн хамтын ажиллагааны байдал”, “Холливуудын кино нийлүүлэлт болон Монголын зах зээл”, “Телевизийн салбарын технологиуд” гэсэн илтгэлүүд ч тавигдаж байв.

Тэнд илтгэлүүд үргэлжилж, твиттерчид ч жиргэцгээсээр байлаа. “Эдийн засаг муудаж реклам багасахын хэрээр телевизүүд үлдэхийн тулд мэдээгээрээ мөнгө олох буюу сэтгүүлзүйн рекет шантааж хийж эхлэнэ” “Олон улсын жишгээр бол телевизүүд сайн чанартай контент бүтээгч нарт мөнгө төлж контетыг нь авдаг байтал манайд эсрэгээрээ”

“Монголын хамгийн өндөр хандалттай нэвтрvvлэг нь Солонгос цуврал байдаг нь харамсалтай” “Төр хэзээ оюуны өмчийн хулгай хийхээ хэзээ болих бэ гэсэн асуултанд хариулах хvн олдсонгvй” “Оюуны өмчийн хулгай нь Монгол Улс маань олон телевизтэй байх шалтгаан гэнэ. Мөнгө төлдөггүй учир бүх юм хямд” “Телевизээр гарч буй хөтөлбөрийн 90 хувь нь хууль бус” “ Элчин сайд Campbell Оюуны өмчийг хамгаалж байж бүтээлч сэтгэлгээ creativity хөгждөг гэж байна” гэх жиргээг онцлоё. Энэ бүх жиргээ нь эцсийн дүнд “телевизүүдийн чуулганаас бид юутай үлдэх вэ” гэх санаанд нэгдэж байлаа.

Төгсгөлд нь сонирхуулахад энэ хуралд дэлхийн томоохон долоон студийн төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлог бөгөөд Warner Bros, Disney, Sony, Bomanbridge, IMG, ITV, Endemol компаний бие төлөөлөгчид ямар төрлийн нэвтрүүлэг, контентийг ямар хүн хүчээр бэлтгэдэг болохоо хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм.
Өчигдөр танилцуулгууд, харин өнөөдөр албан ёсны, хоёр талын уулзалтууд болох аж. Жиргээчид ч мөн сонин хачнаас үргэлжлүүлэн хүргэх биз.

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж