Д.Ганзориг: Э.Бадар-Ууганы дотор уужрах болоогүй байх аа

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Д.Ганзориг: Э.Бадар-Ууганы дотор уужрах болоогүй байх аа

Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт З.Энхзориг нарын анхны бөгөөд одоогийн багш Дашзэвэгийн Ганзоригтой та бүхнийг уулзуулъя. 

-Спортын төв ордны заал танхимуудаас хамгийн ачаалалтай нь боксынх байх аа. Ялангуяа танайд хүүхдүүд их олон юм?

-Ер нь их ачаалалтай. Олимпийн дараа бол ёстой хүн бүр л хөвгүүдээ дагуулж ирсэн байх. Аль болох бололцооныхоо хэмжээнд тулгаад хүүхдүүдээ авсан. Энд одоо өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гээд бүгд л бэлтгэлээ хийдэг юм.

-Ээлтэй заал шүү. Олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн?

-Тэгэлгүй яахав. Одоо ч гэсэн тэр хэд маань эндээ, энэ олон бужигнасан хүүхэд, залуучууд дунд ороод л, бэлтгэлээ хийгээд явж байна.

-Та Монголын олимп, дэлхийн аварга боксчдыг бэлтгэсэн багш, тэднийг хамгийн сайн мэдэх хүн нь. Тийм болохоор таны шавь нарын бага насны тухай сонирхмоор байна. Э.Бадар-Ууган анх танай секцэнд хэдэн настайдаа ирсэн бэ?
-Би тэр үед Спорт сургалтын төвд дасгалжуулагч байсан юм. 1998 онд гэсэн үг л дээ, Бадраа тэгэхэд 13 настай, жижгэвтэр биетэй, алаг нүдтэй бор хүү ирж байлаа. Бадраагийн хүргэн ах Дамдинбазар бид хоёр бие биенээ таньдаг, “Алдар”-т хамт тамирчин байсан юм. Тэгээд намайг Спорт сургалтын төвд ажиллаж байхад “Энэ хүүхдийг боксоор хичээллүүлэх гэсэн юм, уг нь их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд” гээд өөрөө хөтөлж авчирч байлаа.

-П.Сэрдамба?

-П.Сэрдамба маань жижигхэн биетэй, их адтай шар хүү анх манай секцэнд ирж байлаа. Ёстой өөрөө гүйгээд ирсэн хүүхэд дээ. 100 айл хавийнхаа хэдэн хүүхдүүдтэй хамт Спортын ордны боксын заал хаана байна гэж хайсаар байгаад ирсэн. “Боксын секцэнд орох гэсэн юм” гэчихсэн. Хувцсаа үүрчихсээн, бас. Бадраа тэр хоёр зэрэг шахуу ирсэн юм. Эхэндээ хоёулангийх нь хичээл үдээс хойш ордог байсан болохоор өглөөд бэлтгэл хийлгэдэг байсан.

-Тухайн үед тэр хоёр үеийнхээ хүүхдүүдээс ялгардаг байсан уу. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёроос гадна З.Энхзориг бас байна?

-Хүүхэд жил гаруй хугацааны дараа анзаарагддаг л даа. Ямар тамирчин болох нь вэ, бэлтгэлдээ яаж хандаж байна, хэр суралцаж, хичээж байна гээд ерөнхий байдал нь мэдэгддэг. Ер нь манай хүүхдүүд бүгд л багаасаа тийм техник сайтай, хэлж ярьсныг амархан тусгаж авдаг сайн хүүхдүүд байсан. Тэдэн дундаа эд нар хоосонгүй гэдэг ч юм уу, арай нэг өөр илүү байдал харагддаг байсан, Бадраа, Сэрдамба эд нарт. Спортод авьяастай, төрөлхийн тамирчны характертай хүүхдүүд арай өөр байдаг. Гэхдээ тэр бүхнийг багш нь энэ ирээдүйн олимп, дэлхийн аварга гэж харж, мэдэхээсээ илүүтэй өөрсдийнх нь хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална шүү дээ.

-Таны талаар олон хүнээс “Ганзориг багш маш төлөв даруу” гэсэн тодорхойлолт сонсч байсан. Уулзаад ярихад яг л тэгж санагдаж байна?

-/Инээв/. Ах нь сайн мэдэхгүй л байна. Хүнтэй эвтэй, хүнд хүн шиг санагдаж явах юмсан гэж эр хүнийхээ хувьд хичээдэг.

-Гэхдээ та даруу даруу гэхэд олимп, дэлхийн аварга шавь нарынхаа амжилтыг хуваалцахгүй гэж арай хэлэхгүй байлгүй дээ?

-Миний бүтээл, гавьяа энэ тэр гэж ярих дургүй. Шавь нарын маань амжилт бүхэн бидний хамтын хөдөлмөр юм л даа. Энэ хүүхдүүд олимп, дэлхийн аварга болохын тулд арван жил яаж хөдөлмөрлөж, ямар бэрхшээл туулж, яаж амьдарч байсныг би сайн мэднэ. Тэр цаг хугацаанд хамт нэг агаараар амьсгалж, нэг зүг рүү алхана гэдэг багш, шавь хоёрын аз жаргал, бахархал гэж боддог. Одоо ингээд эд нарыгаа тэр их хичээл зүтгэлийнхээ хүчээр амжилтад хүрээд, хүн шиг сайхан амьдарч явааг нь харах надад үнэхээр сайхан санагддаг. Арван жил тууштай спортоор хичээллэж, тэрний төлөө бие, сэтгэлээ золиослон хөдөлмөр хийнэ гэдэг энгийн хүний үүрэх ачаа биш шүү.  Спортын нэг айхтар юм тэр чигээрээ эрсдэл. Тамирчин шиг тамирчин байхын тулд хүн маш олон зүйлийг золиосолдог, олон жил яс махандаа шингэтэл хөдөлмөрлөдөг. Энэ бүхний дараа амьдрал сайхан үргэлжилж болно, нөгөө талаар олон жилийн дараа эргээд харахад бас харамсмаар зүйл байж л байдаг. Амьдрал, ар гэр, залуу нас гээд анзааралгүй орхисон цаг хугацаа зөндөө байна. Үеийнхэн нь амьдрал ахуйгаа тэгшлээд, бизнес эрхлээд явж байхад энэ хэд маань спорт хөөгөөд хоосон шахуу л явдаг байлаа. Тийм болохоор хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд, өнөөдөр ямар нэгэн харамсах зүйлгүй амьдарч байгаад нь би хүүхдүүддээ баярлаж, бас нэг санаа зовж явдаг бодлоо нимгэлж л явдаг юм.

-Танай гурав /Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нарыг хэлэв/ шигшээ багт хэдэн онд очсон билээ?

-2005 оноос.

-Тэр хүртэл Спорт сургалтын төвдөө байсан уу?

-Тийм.

-Та бас шавь нартайгаа хамт шигшээд ирсэн санагдаж байна?

-Би 2007 оноос шигшээ багт ажиллаж байна. Бээжингийн олимпийн өмнө залуучуудын шигшээд байсан, одоо насанд хүрэгчид дээр байгаа.

-Олимпийн өмнө та шавь нартаа яг ямар итгэл тээж явуулсан бэ. Медаль авна гэж 100 хувь найдаж байсан нь хэн байв. Багшийнх л бодол шүү дээ, та мэдээж тэр үед ямар нэг ханатай байсан байх?

-Э.Бадар-Ууган олимпийн өмнөх жил бараг л дэлхийн аварга болчихсон юм ш дээ. Харамсалтайгаар мөнгөн медаль дээр буусан ч сайн тоглосон. Тэр үеэс Бадраа илт луйвардуулчихдаггүй л юм бол олимпиос медальтай юм байна гэсэн бодолдоо илүү итгэлтэй болсон гэх үү дээ. Үнэхээр итгэлтэй байсан. З.Энхзоригт би бас их найдаж байсан юм. Манай З.Энхзориг бүр 2004 оны залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль авчихсан, дараа жил нь Азийн наадмын мөнгө, Азийн аваргын алт гээд зөндөө туршлага суучихсан, ер нь нэг л өөр байсан. Харамсалтай нь З.Энхзориг олимпод тактикийн алдаа гаргаснаасаа болоод тэр Кубад ялагдсан. Оноо 9:9 болж тэнцэнгүүт З.Энхзориг дайрчихсан. Тэгтэл нөгөө куба урдаас нь ганц цохиод, тэрийгээ оноо болгочихсон.  14 хөн секунд дутуу байсан юм ш дээ, уг нь. Тэрүүхэн хооронд хүлээсэн бол манай хүн туслах оноогоор хожчих л байсан. Одоо ч гэсэн бодохоор харамсаад байдаг юм. Гэхдээ би З.Энхзоригийгоо олимп, дэлхийн аваргаас медаль авчих хэмжээний хүүхэд гэж боддог. Их гоё тоглолттой. Гэхдээ тактикийн алдаа гаргаж, хэтэрхий шатаж тоглох гээд байдаг. Ганц хоёр оноо алдаад ирэхээрээ л шатчихна. Тэрийгээ засах хэрэгтэй. Өөрөө ч мэднэ л дээ. Хувь хүний онцлог. Их шатаж тоглох гээд байдаг. Ганц алдаа нь тэр.

-Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёрыг медалиа авахад нь хамт байсан уу?

-Би хүрэл медалийн тоглолт хүртэл Бээжинд байж байгаад ирсэн. Э.Бадар-Ууганы алтын төлөөх тоглолтыг энд, “Irish pub”-ын гадна талбайд үзсэн.

-Та хувьдаа ямар зөвлөгөө өгч байсан бэ?

-Би гол нь хүүхдүүдтэйгаа ярилцахыг чухалчилдаг. Тэмцээн, тоглолт бүрийнх нь өмнө хойно янз бүрийн туршилтууд хийлгэдэг. Олимпийн өмнө бол шавь нартайгаа гол гаргаж байгаа алдаануудыг нь засах тал дээр илүү ажилласан. Аминчлаад гэх юм бол толгой тархиа амраа, өөрөөс чинь бүх зүйл шалтгаална гэсэн тиймэрхүү хувь хүнд чиглэсэн зөвлөгөө өгч байсан. Ер нь тамирчин болох гэж байгаа хүнд анхнаас нь техник, суурийг нь сайн тавиад өгчихөд аяндаа өөрсдөө ухамсраараа хөдөлгөөн, ухаан хоёрыг хослуулдаг болчихдог юм. Манай бокст маш хурдан хугацаанд ухаан гаргахыг шаарддаг. Ганц хүч биш шүү дээ. Аль ч спортын төрөлд тамирчин хүний толгой сайн ажилладаг байж амжилтад хүрнэ шүү. Наад зах нь нэг хэвийн тоглолт, арга барилтай байж болохгүй. Амархан судлагдана. Тийм болохоор тамирчин хүн оньсого шиг л байх хэрэгтэй. Үргэлж хувирч байдаг, техник сайтай.

-Олимпийн өмнө Э.Бадар-Ууган гэмтэлтэй байсан. Та гэмтэл нь нөлөөлөх вий гэж айж байсан уу?

-Үнэнийг хэлэхэд манайхан ихэнхдээ л гэмтэл бэртлийг мартаад дайрдаг байхгүй юу. 2007 оны Азийн аваргад түрүүлэхдээ Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг гурав гурвуулаа л бэртэлтэй байсан. З.Энхзориг аль хэдэн жилийн өмнө залуучуудын дэлхийн аваргаас медаль авахдаа ч гэмтэлтэй л байсан. Олимпод ч ялгаагүй Э.Бадар-Ууган, З.Энхзориг хоёр бэртэлтэй л явсан. Ер нь олон жил бэлтгэлийнхээ хажуугаар эмчилгээ хийлгэж байгаа юм. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёр олимпийн дараа гайгүй эмчилгээ хийлгэлээ. З.Энхзориг бол одоо хагалгаанд орох шаардлагатай л байгаа. Нурууны. Хагалгаанд орохоор дор хаяж хоёр жил бэлтгэл хийхгүй гэдгээсээ болоод энэ хэд маань өөрсдийгөө золиослоод л явж байгаа байхгүй. Одоо хэдэн жил үзчихье, за тэгж байгаад болно биз гээд л спортын цаг хугацаагаар өөрсдийнхөө эрүүл мэндийг орхиод яваад байдаг юм. Манай тамирчдад энэ бэрхшээл байнга л тулгардаг. Эсвэл хагалгааны зардлаа шийдэж чадахгүй.

-П.Сэрдамбын гарны бэлтэл гайгүй юу?

-Одоохондоо гайгүй л байна. Байнгын бэлтгэлтэй байсан хүмүүс нэг амралт аваад хэсэг өндөр хэмжээнд бэлтгэл хийхгүй байгаад ирэхээр өмнө нь авсан янз бүрийн гэмтэл сэдэрч гарч ирээд байдаг бололтой. Яг ид формтой байгаа үедээ тэрийгээ анзаардаггүй, анзаарсан ч тоодоггүй бололтой. 

-Нээрэн, танай хэд Казахстан явна гэсэн. Хэвээрээ юу?

-Явна. Зургадугаар сарын 23 харьд явах байх.

-Э.Бадар-Ууганы олимпиос хойш оролцож байгаа эхний тэмцээн болохоор хүмүүс их сураглаж байна лээ?

-Зүгээр ээ. Ямар анх удаа тэмцээнд оролцох гэж байгаа биш, тийм биз дээ. Гэхдээ мэдээж жинд нь гадны залуу тамирчид олон гарч ирсэн байгаа. Өөрт нь “Яадаг бол” гэсэн бодол байж магадгүй юм. Казахстанд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцчихоод Москва руу шууд явна. Тэндээс европын боксчдыг харчихаад ирэх байх даа, аварга. Би тэгтлээ их санаа зовохгүй байгаа, Бадраа олимпийн аварга шүү дээ. Өөрт нь итгэх хэрэгтэй.

-Та Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёроос одоо дахиж олимп, дэлхийн амжилт хүлээдэг үү?

-Ер нь бол боломж байвал хүн залуу насандаа хүрэх хэмжээндээ очтол зүтгэж л байх хэрэгтэй. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёрын хувьд хэн хэн нь олимп, дэлхийн аваргаас медаль авчихлаа. П.Сэрдамбыг олимпиос мөнгөн медальтай ирэхэд хүмүүс аз эзний тухай ярьж л байсан. Дараа жилийнх нь дэлхийн аваргад Сэрээ олимпийн медалийг өөрийнхөө чадлаар авсан юм шүү гэдгээ харуулаад, нөгөө талаар ард түмний өмнө шалгалт өгчихөөд ирсэн. Э.Бадар-Ууган олимпийн өмнө дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан ч гэлээ одоо олимпийн аварга дахин батлах хэрэгтэй гэж захидаг. Гол нь хариуцлага юм л даа. Үүрэг… Бид бүгдээрээ л адилхан олимпийн аваргаа яаж батлах бол гэж итгэж, найдаж байгаа. Өөрөө ч тэгж хичээж байгаа. Тийм болохоор Бадрааг олимп, дэлхийн аваргаас дахиад медаль авах хэмжээнд дахиж тоглоосой гэж хүлээдэг. Би энэ хэддээ “Одоо болсон, та хэд маань амар” гэж хэлэх арай болоогүй байгаа гэж боддог шүү. Яг л та бүхний адил амжилт хүлээдэг л юм. Дотор уужрах болоогүй байна аа.

-Хоёр олимпийн циклд бэлтгэж байж та ийм тамирчдыг гаргаж ирсэн. Одоо дахиад нэг олимп санаанд буулгүй яахав ээ?

-Ямар азаар би эднийхээ багш байх хувь тохисон юм бол гэж бодогддог шүү. Ард түмнээ олон баярлуулаасай л гэж хүсч явдаг.

-Бээжингийн олимпийн дараа медальтнуудыг төрүүлэхэд хүч хөдөлмөр оруулсан хүмүүс олноороо энгэр цоолсон. Тэрний ч буруу гэж юу байхав. Гэхдээ таны чимээ сураг тийм ч тод сонсогдохгүй өнгөрсөнд гайхаж л байлаа?

-Төр засаг намайг тухайн үед дэмжсээн. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан шүү дээ.

-Одоо тань дээр хэчнээн шавь байна. Анзаарч байхад хүүхдүүд олон юм?

-Уртаашаа байгаа ганц заал нь энэ болохоор өсвөр, залуучууд, насанд хүрэгчид бүгд эндээ бэлтгэлтэй. Хүүхдүүд байгаа, байгаа. Дунджаар 11-12 насны хүүхдүүд олон бий. Ирээдүйн Э.Бадар-Ууган, П. Сэрдамба нар шүү дээ. Ийм их хүсэл мөрөөдлүүд энд жинхэнэ буцалж байхад заалнаасаа ч гармааргүй санагдана шүү, заримдаа. Өглөө, өдөр, орой гээд гурван ээлжийн “цэргүүд”-тэй үзэж тарж л байна даа.

Б.Бадамгарав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж