Тусгай гэрлэн дохио бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Тусгай гэрлэн дохио бүтээжээ

Сүүлийн үед өнгө ялгах чадваргүй болгодог нүдний өвчин дэлхий нийтэд ихээхэн дэлгэрч байгаа ажээ. Анагаах ухаанд Дальтонизм хэмээн нэрлэдэг энэ өвчнөөр өвчилсөн хүний өнгө ялгах чадвар нь эрс доройтдог бөгөөд зөвхөн АНУ-д гэхэд л нийт эрэгтэйчүүдийн долоон хувь нь буюу 10,5 сая, нийт эмэгтэйчүүдийн 0,4 хувь нь буюу 620 мянга гаруй хүн энэ өвчнөөр өвчилсөн гэсэн тооцоо байдаг аж. Харин дэлхийн хэмжээнд 200 сая гаруй хүн дальтонизмээр өвчилжээ.

Гэтэл Румын, Турк зэрэг дэлхийн зарим улс оронд энэ төрлийн хүмүүсийг машин жолоодохыг хориглодог бөгөөд шалтгаан нь гэрлэн дохионы гурван өнгийг ялгаж чадахгүйтэй холбоотой гэнэ. Харин зарим улс оронд гэрлэн дохионы өнгөний байрлалыг сайтар мэддэг бол жолоо барих эрхийг нь олгодог байна.

Энэхүү хүндрэлтэй асуудлыг олж харсан БНСУ-ын Ки Жи-юүн, Ян Сун-ён, Жеон Хван-жү нарын зохион бүтээгчид тэдгээр өвчтэй хүмүүст зориулж, гэрлэн дохионд чухам ямар гэрэл анивчиж байгааг илүү хурдан хугацаанд ялгаж, таньдаг болоход нь туслах UNISignal хэмээх гэрлэн дохиог бүтээжээ. Энэ нь улаан өнгийн гэрэл гурвалжин хэлбэртэй, шар нь дугуй, харин ногоон гэрэл нь дөрвөлжин хэлбэртэй юм.

Замын уулзвар, гарцан дээр байрлуулсан гэрлэн дохиог хараад дальтонизм өвчтэй хүмүүс гэрлэн дохионы өнгөний байрлалыг санахын тулд хэдий богино ч гэлээ тодорхой хэмжээнд бодож зогсдог гэнэ. Харин ийнхүү өнгийг дүрсээр илэрхийлснээр тархи хамаагүй хялбар, мөн хурдан ажиллаж байгааг судалгаагаар тогтоожээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж