
сайд Н.Алтанхуяг хоёрдугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт ажиллалаа. Орхон аймгийн бизнес
эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, энэ онд хийх үйлдвэржилт болон жижиг,
дунд бизнесийг өргөжүүлэх талаар бизнесийн төлөөлөлтэй уулзаж санал
солилцлоо.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрдэнэт”
үйлдвэрийн 2013 оны үйл ажиллагаа болон 2014 онд хийх ажлын
төлөвлөгөөтэй танилцаж, үйлдэрийн ажилчидтай санал солилцлоо. “Эрдэнэт”
үйлдвэр өнгөрсөн онд эдийн засгийг хэмнэх уриа гаргаж ажилласан бөгөөд
энэ хүрээнд нийт өндөр үнээр авдаг байсан “шахааны бизнес”-ийг бууруулж
чадсанаар үйлдвэрийн зарлагын 2-3 сая доллараар бууруулж чадсан байна.
Тухайлбал, 50 сая ам.доллараар авдаг байсан дугуйг 28 сая ам.доллараар
авдаг болсон нь 2-3 сая ам.долларын хэмнэлтийг хийхэд хүргэжээ. Мөн
долларын гадагш урсах урсгалыг багасгаж, 2013 онд импортыг орлох
бүтээгдэхүүнийг буюу үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр 27,6 тэрбум
төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчдээс
авдаг бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, долларын гадагшаа урсгалыг
бууруулсан байна. Харин энэ онд 13 нэр төрлийн 40,3 тэрбум орчим
төгрөгийн худалдан авалт хийхээр төлөвлөөд байгаа аж. “Эрдэнэт” үйлдвэр
өнгөрсөн 2013 онд 38 тэрбум төгрөгийн зарлагыг хэмнэж чадсан дүнтэй
ажиллаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тус үйлдвэр шинэ удирдлагатай
болсноор дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, шахааны бизнесийг багасгаж, ил
тод байдлыг нээлттэй болгосноор хэмнэлт хийж чадсан байна. Бусад
үндэсний үйлдвэрүүд ч мөн хэмнэлт хийж ажиллаж байгаагаас жишээ авч
суралцах хэрэгтэй. Хамгийн чухал нь импортыг авдаг байсан бүтээгдэхүүний
тоог бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдээс авч байгаа нь маш том давуу тал
гэж бодож байна” гэлээ.
“Эрдэнэт”
үйлдвэрийн санаачлагаар Орхон аймагт “Эрдэнэт медикал” нэртэй бүсийн
оношлогооны төвийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Хэрэв энэ
оношлогооны төв ашиглалтад орвол Орхон аймгийн иргэд төдийгүй, бүсийн
иргэдийг хүлээн авах боломжтой болох юм. Орчин үеийн тоног төхөөрөмжид
суурьласан бүсийн оношлогооны төв нь өдөрт 500 хүн хүлээж авах хүчин
чадалтай гэнэ. Тодорхой санхүүжилтийг Засгийн газраас олговол ирэх онд
бүсийн оношлогооны төвийг ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэж
албаныхан хэлж байна. Үүний дараа Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид
Орхон аймагт шинээр баригдах 1000 айлын орон сууцны хорооллын ажилтай
танилцлаа. Орон сууны долдугаар хорооллыг үндэсний 14 компани нэгдэн
барихаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэв 14 компани нэгдсэн Үндэсний
конисерциумд 1000 айлын орон сууц барих ажлын зөвшөөрлийг өгвөл ирэх
дөрөвдүгээр сарын 1-ээс ажлаа эхлүүлэх боломжтой аж.
Дараа нь
Ерөнхий сайд тэргүүтэй ажлын албаныхан Орхон аймагт үүдээ нээгээд буй
“Мөнхий цагаан жим” амны хаалт буюу маскны үйлдэртэй танилцлаа. Энэ оны
нэгдүгээр сарын 2-нд ашиглалтад орсон маскны үйлдвэр нь өдөрт 3-4 мянган
ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Эхний ээлжинд
бүтээгдэхүүнээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээг 100 хувь хангаж ажиллаж
байгаа бөгөөд цаашид үйлдвэрээ өргөжүүлэх боломж гарц байгаа гэнэ. Учир
нь одоогоор үйлдвэрлэлийнхээ 40 хувийг ашигладаг бөгөөд цаашид 100 хувь
ашиглаж, дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломжтой юм. Тус
үйлдвэр нь 11 ажилчинтай бөгөөд цаашид үйлдвэрээ өргөжүүлбэл орон нутагт
ажлын байр нэмэгдүүлэх боломжтойг хэллээ.
Ерөнхий сайд
Н.Алтанхуяг өнөөдөр 21.00 цагт орон нутгийн телевизийн шууд ярилцлагад
оролцож, Орхон аймгийн иргэдтэй шууд холбогдож, асуултад хариулт өгөх юм
байна. Ингэснээр Ерөнхий сайдын Орхон аймагт ажиллах томилолт дуусгавар
болох юм.