-Та жаахан байхдаа мэдээж бөмбөг өшиглөдөг л байсан биз дээ?
-Тийм ээ, жаахан байхдаа баруун жигүүрт тоглодог байлаа. Гэхдээ одоо бол тоглодоггүй ээ. Үнэнийг хэлэхэд таван минутаас удаан тоглож чадахгүй байх, газарт унаад өгөх байлгүй. Надад ямар ч тэсвэр тэвчээр байхгүй /инээв/. Испанид байхдаа би найман нас хүртлээ хөлбөмбөг тоглосон. Муу ч биш, сайн ч биш дундыг барьсан л тоглогч байлаа. Тэгээд би Америкт нүүж ирсэн. Одооноос 20 жилийн өмнө Америкт хөлбөмбөгийн спорт өнөөдрийнх шиг төвшинд байгаагүй юм. Тэр үед би үеийнхэн дотроо толгой цохидог байлаа шүү дээ. Надад ч сайхан санагдаж, дасгалжуулагч намайг үргэлж л талбайд гаргана. Харин хамгийн гайхалтай, сэтгэлд тод үлдсэн мөчүүд гэвэл гоолын баяр. Гоол оруулсны дараа яг л дэлхийн оргилд гарсан мэт санагддаг байсан сан.
Миний хамгийн хайртай, шүтэн биширдэг тоглогч Диего Марадона байсан. 1986 оны дэлхийн аваргаар Английн хаалганд оруулсан хоёр дахь гоол үнэхээр, бүр үнэхээрийн гайхамшигтай. Энэ гоол дэлхий нийтэд, магадгүй Англиас бусад газарт өнөөх алдартай гараар оруулсан гоолыг мартуулж, “За за, чи ч үнэхээр ялах гавьяатай хүн” гэж хэлэхэд хүргэсэн байх.
-Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тоглогчдоос хэнийг илүү дэмжиж байна?
-Криштиан Рональду, Лионель Месси хоёр. Бас Иньеста, Торрес, Фабрегас, Вилья, Касильяс гээд л.
-Таны хувьд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ямар нөлөө үзүүлж байна?
-“Euphoria” нэртэй миний бие даасан цомог долдугаар сард худалдаанд гарна. Тэгэхээр би зургаа, долдугаар сард цомгийн сурталчилгааны ажил гээд тун завгүй байна байх. Надад үнэхээр харамсалтай байна. Дэлхийн аваргаас болоод би энэ цомгоо бүр үзэн ядахад хүрээд байгаа /инээв/. Гурван долоо хоногийн өмнө дуу бичлэгийн студийн ерөнхийлөгч рүү утасдаад, цомгийнхоо нээлтийг есдүгээр сар хүртэл бага зэрэг хойшлуулах санал тавьсан юм. Бараг л уйлан дуулан “тэгэх үү, тэгэх үү” гээд л. Харин тэр миний өөдөөс “Чи ердөө дэлхийн аваргыг үзэхийн тулд цомгоо есдүгээр сар хүртэл хойшлуулъя гэвэл би дахиж чамтай хэзээ ч үг солихгүй” гэсэн. Тэгэхэд нь, би “За боль доо, дэлхийн аварга чинь бүхэл бүтэн дөрвөн жилд ганц л болдог ш дээ” гэсэн чинь тэд “Залуу минь, тэгвэл чиний цомог гурван жилд нэг удаа гардаг шүү” гээд л би дуугүй болсон доо.
Би анх удаагаа л дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс болоод уран бүтээлээ хоёрдугаарт тавьж байна. Миний хувьд үнэхээр чухал учраас л тэр. Харин тэд Испанийн тоглолт болох үеэр надад чөлөө өгнө гэдгээ амласан шүү.
-Испанийн багийн амжилтын талаар ямар бодолтой байна?
-Хамгийн онцгүй нь, Испани Швейцарьтай тоглох үеэр би Лондонд байсан юм. Тэд надад хоёр цагийн чөлөө өгсөн ч би испаничуудын ялагдахыг харах л гэж тоглолт улайран үзсэн юм шиг санагдаад урам хугарсан. Тэр ялагдлын дараа надад ярилцлага өгөх, хүнтэй уулзах ямар ч хүсэл төрөхгүй байсан шүү.
Үзсэнийхээ дараа яагаад бид хожигдчихов оо гэж өөрийн эрхгүй бодогддог тийм л тоглолт болсон. Испаничууд ур чадвараар илүү, сайн баг байсан ч эцсийн дүнд ялагдсан. Сайн баг болгон үргэлж ялдаггүйн жишээ л юм даа. Намайг мэдээ орохоос л эхлээд Испанийн шигшээ сайн баг байсаар ирсэн, тэд олон ч амжилт амлаж байсан ч тэр амлалтандаа хүрч чадаагүй л байсан.
Харин хожим нь, Европын аваргаас хойш байдал өөрчлөгдсөн. Иньеста, Алонсо, Торрес, Вилья, Пике, Пуйоль, Фабрегас, Касильяс гээд л. Үнэхээр төгс багийг тэд бүрдүүлж чадсан. Авьяаслаг, тоглогч болгон нь чадварлаг.
Гэхдээ одоо маш хүнд байдалд орчихоод байна. Тэд заавал ялах ёстой. Хэрэв Бразил хэсгээсээ нэгээр гарч, Испани хоёроор гарвал тэд хоорондоо учирна. Испани хэсэгтээ тэргүүлээд, хасагдах шатанд Португаль юм уу Зааны ясан эрэгтэй тоглоосой гэж үнэхээр хүсч байна даа.
-Тэгвэл аль баг амжилттай тоглох бол?
-Миний бодлоор аргентинчууд амжилт гаргаж чадах байх. Бас Өмнөд Солонгосын тоглолтыг хальт харсан, үнэхээр сайн байна лээ. Тэгээд мэдээж хэрэг Бразил. Аргентин, Бразил, Итали нарын хооронд л ширүүн дайн өрнөх байх. Италичууд үргэлж л эхлэлээ муу тавьдаг, гэхдээ яван чангардаг шүү дээ. Бас Герман, Испанийг дурдах нь зүйтэй. Хэн нь түрүүлэхийг урьдаас хэлэхэд хэцүү, учир нь дэлхийн аваргын дэвжээнд юу ч өрнөж болно.
-Хөлбөмбөгийн хамгийн сайхан болоод муухай дурсамж гэвэл?
-Хамгийн муухай нь гэвэл 2002 оны дэлхийн аваргын Испани болон Өмнөд Солонгосын тоглолт. Бараг л дээрэмдүүлсэн дөө. Шүүгч үнэхээр том алдаа гаргасан.
Харин хамгийн гайхалтай дурсамж гэвэл, намайг таван настай байхад юм байна, 1982 оны дэлхийн аваргын маскот нь Naranjito гээд жүрж байсан. Тэр үед би Итали Германы тоглолтыг би үзэж байлаа. Тэгээд Паоло Россиг сайн санадаг юм, тэр жилийн дэлхийн аваргын шүтээн минь тэр байсан.
С.Цэлмэг