Кимико Датэ-Крумм шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Кимико Датэ-Крумм шөвгийн 16-д шалгарлаа

Японы нэрт теннисчин, 43 настай Кимико Датэ-Крумм Мексикийн Акапулко хотноо болж буй Abierto Mexicano Telcel тэмцээний хоёрдугаар тойрогт шалгарлаа.

Мексикийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийнх 1993 оноос, эмэгтэйчүүдийнх 2001 оноос эхтэй аж. WTA ангилалд багтаж буй Abierto Mexicano Telcel тэмцээн өнгөрсөн жилийг хүртэл шороон талбай дээр явагдаж байсан бол энэ жилээс эхлэн хатуу хучилттай талбай дээр болж байна. Нийт 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнийг Словакийн Цибулкова Доминика, Канадын Бушард нарын шилдэг тамирчид тэргүүлэн тоглож байна. Тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд болж, шөвгийн 16-д өрсөлдөх теннисчид тодроод байна.

Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны(WTA) сүүлийн чансаагаар  95-д бичигдэж буй Японы Кимико Датэ-Крумм тус тэмцээний хоёрдугаар тойрогт шалгараад байна. Тэрээр эхний тойрогт тэмцээнд долоод эрэмбэтэй тоглож буй Швейцарийн Штафани Пёгелег 3:6, 7:6/5/, 6:4-ийн харьцаагаар буулган авснаар хоёрдугаар тойрогт шалгарлаа.

43 настай Датэ-Крумм хоёрдугаар тойрогт тоглох эрхээ авсны дараа “Энэ тоглолт маш хүнд байсан. Чийглэг үед тоглох дуртай ч өнөөдөр арай хэтэрхий их байлаа. Шороон талбайд би сайн тоглож чаддагүй. Харин энэ удаагийн тэмцээн хатуу хучилттай талбай дээр болж байгаа болохоор надад өрсөлдөгчөө ялахад хялбар байсан байж магадгүй. Гэхдээ тоглолт тийм ч амар байсангүй.” гэж ахмад тоглогчийн хувьд дурджээ. Түүний дараагийн өрсөлдөгч 21 настай Америкийн теннисчин Кристина Макхейл юм.

Abierto Mexicano Telcel тэмцээний сүүлийн хоёр жилийн аваргаар Италийн Сара Эррина шалгарч байжээ. Мөн 2009, 2010 онуудад АНУ-ын Винус Уильямс түрүүлж байсан байна.

Нийт 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга 43 мянган ам.доллар хүртэж, чансааны 280 хүртэх аж. Тэмцээн ирэх бямба гаригт өндөрлөнө.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж