Иргэдийг худалдан авах ажиллагааны үйл явцад татан оруулж, нийтэд ил тод болгох хэрэгтэй гэдгээр олон жил ярьсан ч биелэлээ ололгүй өдийг хүрч. Бүр зарим луйварчид нь худалдан авах ажиллагаа нэрийдлээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 400 төгрөгийн үнэтэй 00-ын цаасыг 4000 төгрөгөөр шахсан гэх мэдээлэл ч дуулдсан. Энэ мэт том, жижиг увайгүй үйлдлийг дарж, ёс журмаар нь ажил явуулах нэг оролдлого нь иргэдийг Тендерийн үнэлгээний хороонд гишүүнээр элсүүлж, санал бодлыг тусгах явдал юм байна. Аливаа бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн тендерийн сонгон шалгаруулалтыг шударга явуулах, тендерийн дараах ажлын гүйцэтгэлийг Үнэлгээний хороо шүүн хэлэлцдэг. Үүнд иргэдийг хамруулахад анхаарах нь. Учир нь аливаа дүүрэгт бүтээн байгуулалт өрнөлөө гэхэд тухайн нутаг дэвсгэрийнхээ онцлогийг оршин суугчид нь хамгийн сайн мэдэх юм. Тиймээс тендер шалгаруулалт, ажлын гүйцэтгэлийн үйл явцыг иргэд хамгийн ойроос хэрнээ хөндлөнгийн байр сууринаас ажиглаж, хяналт хийх боломж бүрдэх ажээ. Жишээ нь, танай дүүрэгт зам тавихаар болсон бол аль талаараа зам тавьбал олон нийтэд үр ашигтай юм гэдгээ иргэн та хэлж, ажлын гүйцэтгэлийг хажуунаас нь хянах юм.
Дээр хэлсэн боломж иргэдээс гадна мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад нээлттэй. Иргэд тухайн нутаг дэвсгэрийнхээ тендерийн ажиллагаанд хяналт тавих нь оновчтой бол мэргэжлийн холбоод үйл ажиллагаа явуулдаг чиглэлээрээ орох юм байна. Үнэлгээний хорооны гишүүн болох нээлттэй ч, тодорхой хэмжээний мэргэжлийн сургалтад суух хэрэгтэй гэсэн. Үйл явцыг тайлбарлая. Гишүүнээр элсч, санал бодлоо илэрхийлэхийн тулд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон дүүргийнхээ засаг захиргаанд хандаж, мэргэжил олгох сургалтад хамрагдах ажээ. Сургалтад сууж, шалгалтад тэнцсэн тохиолдолд “А3” сертификат авсанаар цаашид Үнэлгээний хорооны хуралд оролцож байх юм. Ингээд тухайн байршилд өрнөх бүтээн байгуулалтад саналаа өгөх эрхтэй болж байна.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт:
-Худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх тухай хууль хэрэгжээд нэг жил болж байна. Энэ хуулинд оруулсан нэг том заалт нь худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг Үнэлгээний хороонд иргэн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулдаг байх талаар хуульчилсан. Тиймээс хөндлөнгийн, хараат бусаар ажиллах ёстой хүмүүс маань хуулийн мэдлэгтэй байх ёстой учраас сургалт хийж, сертификат олгож байгаа юм. Одоогоор А3 сертификаттай, Үнэлгээний хороонд орж ажилладаг 60 орчим иргэн л байна. Ер нь энгийн иргэд сертификат авах нь хүндрэлтэй байгаа тул цаашдаа заавал сертификат, тусгай зөвшөөрөл авахгүй байж болох уу гэсэн саналыг Засгийн газраас томилогдсон хүнд суртлыг арилгах, зарим тусгай зөвшөөрлийг багасгах Ажлын хэсэгт тавина. Харин мэргэжлийн холбоодод сертификат, тусгай зөвшөөрөл шаардлагатай.
-Одоогийн байдлаар танай газарт хэдэн тендерийн санал ирсэн бэ. Гишүүн болсоноор тэдгээр бүхэнд оролцох эрхтэй болох байх?
-Өнөөгийн байдлаар манай газарт 240 тендерийн ажлын эрх шилжээд ирчихсэн байна. Бид бүгдэд нь Үнэлгээний хороо байгуулсан. Үүнээс бид 70 орчмыг нь зарлачихсан байна, 7-8-ыг нь сонгон шалгаруулалт хийчихсэн. Дахиад 20 ажлын тендерийн бичиг баримтыг боловсруулсан үйл явцтай бөгөөд эдгээр бүхэнд оролцох эрх нээлттэй. Тендерийн сонгон шалгаруулалт, ажил гүйцэтгэл дээр иргэд, мэргэжлийн холбоодыг татан оруулснаар Шилэн тендерийн бодлого хэрэгжиж чадах юм.
Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн Л.Энхтуяа:
-Миний хувьд нийслэлийн иргэн хэрнээ тендер хэрхэн явагддагийг мэддэггүй, сонирхдог ч үгүй байлаа. Үнэлгээний хорооны мэргэжил олгох сургалтад хамрагдаад хороонд орж ажиллахад сонирхол илт нэмэгддэг юм байна.
Хоёр, гурван тендерийн үнэлгээнд орж ажиллалаа. Өмнө нь тендер хэдэн албан тушаалтны асуудал байсан бол над шиг иргэн үүнд орж ирсэнээр ил тод байдал бий болж байна. Би тендерийн сонгон шалгаруулалт, үнэлгээнд оролцоод ирэхээр бусдадаа ярина. Иргэн оролцвол зүгээр юм байна гэсэн хандлага үүснэ. Миний хувьд, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт анх хандсан. 14 хоногийн 45 мянган төгрөгийн төлбөртэй сургалтад сууж, шалгалтад тэнцээд өнгөрсөн жил нийслэлд тавигдсан авто замын тендерүүдэд саналаа өгсөн. Мөн авто зам дагасан гэрэлтүүлгийн ажил гээд туслах ажлууд байсан. Ер нь миний саналаа өгсөн тендерийн ажил одоо бодит биелэлээ олсоныг харах их сайхан байдаг юм байна.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн А.Дагвасамбуу:
-Тендерийн сонгон шалгаруулалт, үйл явцад иргэдийн оролцоог анхаарч байна. Тэгэхээр иргэд хэр идэвхтэй байх вэ гэдгээс хамаарах нь. Манай хороо Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо. Дамбадаржаагийн замын шинэ уулзвар тэнд хийсэн. Мөн уулзвараас долоон буудал руу чиглэдэг чиглэлийн замын ажлыг хоёр өөр компани гүйцэтгэсэн. Цаг хугацаа, ажлын гүйцэтгэлийн хувьд ялгаатай харагдаж байгаа юм. Түрүүхэн хийсэн тохижуулалтын ажлаа үр дүнгүй болгох жишээтэй, гэрэлтүүлгийг таслаад одоог хүртэл залгаж өгөх эзэн нь олдохгүй байна. Одоо зардал нь байдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар олон сар харанхуй байлаа. Гэх мэтчилэн хөндлөнгийн хяналт хэрэгтэй нь үгүйлэгдэж байгаа юм. Тиймээс үүнээс хойш аливаа тендерийн, ажил гүйцэтгэлийн хяналт цааш нээлттэй болох байх гэж найдаж байна. Миний хувьд одоогоор А3 сертификат аваагүй. Үүнийг сайтар судлаад шийдэх байх. Гишүүнээр орвол оршин суугчдаа төлөөлөөд, тэндээсээ хяналт тавих боломж бүрдэх байх.
У.БОЛОР