Нийгмийн идэвхи ба монгол

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Нийгмийн идэвхи ба монгол

Нийгмийн идэвхи бол нийгмийн
суурь ойлголтын нэг юм. Идэвхи нь ардчиллын тулгуур ойлголтод багтдаг бөгөөд
голдуу оролцоо гэж томъёолох. Үүнийг монголоор “идэвхи оролцоо” гэж буулгахгүй
бол болдоггүй юм. Аль ч үеийн аль ч нийгэм хүмүүсийнхээ идэвхи, итгэл үнэмшлийн
төлөө зүтгэдэг, үүнийг цаг ямагт анхаардаг. Манайхан шиг амин хувиа хичээ, хар
амиа бодоцгоо гэж уриалдаг ямар ч нийгэм, төр засаг энэ дэлхийд байхгүй. Ингээд
нийгмийн идэвхийн тухай маш товч өгүүлье. Харин дэлгэрэнгүйг их олон жил
анхааран судлах ёстой болно байх…

Идэвхи
бол системийн суурь ойлголт…

“Үйл” хэмээх нэр болон үйл үгийг орчин үеийн монгол хэлэнд бараг хэрэглэдэггүй.
Уг нь монгол хэлний хамгийн идэвхитэй үг юм. Эдүгээ “үйл” гэвэл монголчуудын
олонхи эсвэл “үйлийн үр” гэж шашны утгаар ойлгоно байх, эсвэл “оёдол үйл” гэх
ахуйн утгаар ойлгоно байх. Гэтэл энэ бол язгуур монгол утгаараа хүний “хийж
бүтээж байгаа аливаа ажиллагаа” юм. Иймээс ч монгол хүн өдөр тутам хар мянган
“үйл” үйлдэх бөлгөө. Гэхдээ өөрийнх нь “үйл” Монгол Улсад болон Монголын
нийгэмд огт падгүй гэж олонхи монголчууд үздэг болсон нь өнөө үед гамшиг болсны
учир үүнийг бичиж байна.


Хүний хийж буй
зорилготой, сэдэлтэй, ухамсартайгаар, тодорхой арга мэх болон арга ухаанаар
гүйцэтгэж буй, хичээл зүтгэл, оюун ухаан орсон, түүнчлэн санаачлага гаргасан,
нөхцөл байдлыг харгалзсан үйлдэл буюу дэс дараалсан олон үйл ажиллагааг идэвхи
гэнэ. Өөрөөр хэлбэл идэвхи бол хүний үйл ажиллагааны эрчим юм. 


Хүн бол угаасаа үйлч амьтан юм. Үйл ажиллагаа хийгээд идэвхи нь хүний салшгүй
амин, төрөлх шинж мөн. Амьтнаас ялгагдах асар их идэвхи байгаагүй бол хүн
төрөлхтөн өнөөгийн дэвшилд хүрч чадахгүй байсан нь лавтай. Иймээс хүний аль ч
нийгэм нэн эртний үеэс одоо болтол гишүүдийнхээ идэвхийг тэтгэх гэж санамсаргүй
болон санаатай, ухамсаргүй болон ухамсартай, зорилгогүй болон зорилготой
оролдлого цаг ямагт хийж ирсэн, ирсээр байна.
Гэтэл нийгмийн идэвхийг зөв ойлгож тэтгэх нь байтугай, нийгмийн тухай хаа ч
байхгүй хачин утгагүй “гүн ухаан” түгээн тарааж, тэр балай юманд нь ард
нийтээрээ үнэмшээд балайраад явж байгаа улс үндэстнийг нэрлэ гэвэл би Монголыг
л хэлнэ.


Нийгэм гэдгээ ч зөв
ойлгохгүй байгаа улсад чинь ямар үхснийх нь нийгмийн идэвхи байдгийм ?!

Ухаандаа монголчуудын олонхи нийгэм бол “олон хүнээс”, эсвэл “олон гэр бүлээс”
бүрдэнэ гэж хачин тэнэг ойлгодог. Ийм мунхаг ойлголтыг нэр бүхий хэдхэн хүн
сүүлийн хэдхэн жилд монголчуудын тархинд суулгаж өгсөн юм.


Үнэндээ ч “нийгэм олон хүнээс бүрддэг” гэвэл боловсрол муутай монголчууд
амархан үнэмшинэ. Мэдээж ш дээ. Хүнээс бүрдэхгүй нийгэм гэж байхгүй л дээ.
Эндээс л монголын “ид шидтэнгүүдийн” заль мэх эхэлдэг юм. Яг үнэндээ бол ямар ч
нийгэм тус тусдаа хүмүүсээс бүрддэггүй юм.


Учир нь хүн угаасаа
нийгмийн амьтан юм.
Нарийн яривал сүргийн амьтан юм. Яахав,
хөгжлийн явцад хүний сүрэг нийгэм болсон нь жич асуудал. Түүнчлэн “хүний нийгэм
олон гэр бүлээс бүрддэг” гэсэн үндэслэл бас л утгагүй. Ямар ч хүн гэр бүлд
байна, чингэхдээ эдийн засгийн, нийгмийн буюу социал, соёлын, улс төрийн,
үндэстний гэсэн олон нийтлэгээр заавал дамжиж байж сая нийгэм бүрдэнэ. Тэрнээс
биш, “хүн+олон хүн=нийгэм”, эсвэл “гэр бүл+олон гэр бүл=нийгэм” гэсэн утгагүй,
тэнэг томъёоллоор нийгмийн амьдрал явагддаггүй. Хүн заавал ямар нэг нийтлэгээр
дамжин нийгэмтэйгээ холбогддог. Нийгмийн
хөгжил бол “нийгэм+нийтлэг+хувь хүний” зохист, зохиролт тэнцвэрийн асуудал
бөгөөд энд аль нэгийг нь орхиж, хаяж хэрхэвч болдоггүй.
Гэтэл Монголд нийгэм, нийтлэг хоёрыг
нь хаячихаад зөвхөн хувь хүний асуудал ярьж байгаа нь санаандгүй бол тэнэг
явдал, санаатай бол гэмт хэрэг юм.

Ухаандаа нэг буюу нэг хэсэг хүний амьдрал сайхан байна гэдэг нь нийт нийгмийн
амьдрал сайхан байна гэсэн хэрэг огт биш юм. Хэрэв нийгэмд байгаа бүх хүн
зөвхөн хар амиа хичээвэл тэр нийгэм бүхэлдээ сөнөх бөгөөд улмаар бүх хүнийг
сөнөөнө гэсэн хэрэг болох нь дэндүү ойлгомжтой юм. Түүнчлэн яг ийм үндэслэлийг
“гэр бүл” гэсэн ойлголт дээр хэлж болно.


Ийм бэртэгчин нийгэм
өөдөлж, олигтой байж, дэвжиж, хөгжиж байсан түүх байхгүй. Бүр нэг ч тохиолдол
байхгүй. Өрнө, Дорнын олон мянганы түүхэнд байгаагүй…


Хүний түвшинд
Энэ дэлхийн ямар ч хүн ганцаараа амьдарч байна гэж боддоггүй. Гэтэл сүүлийн үед
монголчууд ингэж боддог болсон юм шиг байгаа юм. Үүнийг нотлох амархан.
Ухаандаа хулгайч гэхэд энэ дэлхийд хаа сайгүй байдаг. Гэхдээ хаанахын ч, ямар ч
хулгайч ядаж л гэр бүлээ тэжээх гэж хулгай хийдгийг амархан мэдэж болно. Тэгвэл
сүүлийн үед монгол хулгайч зөвхөн өөрийн амин хувийн зугаа цэнгээний
хэрэгцээгээ хангах гэж төрсөн гэрээсээ хүртэл хулгай хийж байна. Монголчуудын адгийн бэртэгчин зан
үнэнхүү хэтэрч, аливаа эрүүл ухааны хэм хэмжээнээс хэтрээд байна. Эндээс
монголчууд хүнээ байж байгаа гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно.

Энэ мэт жишээг “үй түмээр” нь авч болно.


Үүнийг залгаад зөвхөн гэр бүлээ бодох хэт аминч үзлийг ярьж болно. Энэ нь хүн
харахад гэмгүй, буруугүй мэт боловч бусад монгол гэр бүлийн хувь заяа, түүний
дотор үр хүүхдийн хувь заяа огт хамаагүй учраас хамгийн явцгүй, хорлогчинтой
үзэл юм. Боловсрол, эрүүл мэнд, орон сууц, үйлчилгээнээс эхлээд хүний амьдрал
үйл ажиллагааны бүхий л салбарт хүмүүн бусын ялгаварлал гаргадаг нийгмийг
дайсагнуулагч гол хүчин зүйл энд байдаг. Үүнээс болж өчүүхэн жижиг нийгмээ
аймшигтай том ялгаварт оруулсан нь Монгол ганцаараа. Үүнийг Монголын нийгмийн
давхраажлын болон ядуурлын бүх төрлийн судалгаа нотлон харуулдаг. Монголын нийгмийн энэхүү аймшгийг
мэддэг, хэлдэг судлаачдийг монголын эргүү тэнэг төр, бэртэгчин нийгэм бүгдээрээ
үзэн яддаг.


Алийг нь эхэлж засах юм
Сүүлийн үед “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн зүйр үгийг
хүн толгойтой болгон иш татан мэдэмхийрэх. Сайтар ухан үзвээс энд хэрэв чи төрд
зүтгэе гэвэл эхлээд өөрийгөө, тэгээд гэр бүлээ “удирдаж” сурчихаад дараа нь
төрөө удирд гэсэн санаа илт. Гэтэл Монголчууд үүнийг шал буруу “ойлгож” эхлээд
өөрөө “лаг баян” болоод, дараа нь “гэрээ баян” болгож аваад дараа нь төрөө
“баян” болгоно гэж мунхаг ухаандаа бодох бөлгөө. Дээрээс нь “иргэн баян бол улс
баян” гэсэн бас нэг шал тэнэг “зүйр үг” бодож олоод мэдэмхийрч солиорох болов.
Тэгж ярих юм бол монголчууд “иргэн” гэж хятад хүнийг хэлдэг байсан юм…

үргэлжлэлийг: http://ganaa.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж