…Утааг багасгахын тулд орон сууц барина.
-Орон сууц барихаас өмнө түүнийг жигд, найдвартай дулаан цахилгаанаар хангах эх үүсвэрийг бий болгоход зарцуулна.
-Энхэл донхол замыг чанартай шинэчлэж, хотын төвийн замыг өргөсгөхөд зарцуулна… гэх гурван хариултыг энд иш татмаар санагдав.
Эхний хариултын эзэн өөртөө дэмжлэг авахын тулд уушиггүй, амьсгалын замын архаг үрэвсэлтэй хүүхдүүд ихээр төрөх болсон. Ингээд зогсохгүй нийслэлчүүдийн дийлэнх олонх утаанаас болоод уушиг нь муудсан баримтыг иш татах.
Удаах нь 12-13 сая ам.доллараар юу хийх талаар түүний бататгасныг зөвтгөх ч орон сууц барихаас өмнө тав дахь эх үүсвэрийг барихыг чухалчилна. Учир нь нийслэлийн дулаан, цахилгааны станцууд ачааллаа дийлэхээ больсон болохоор өөрийнх нь хийсэн бүтээн байгуулалтыг хийгээгүй цагт орон сууц барих тухай яриад ч хэрэггүй гэнэ. Тэгвэл хамгийн сүүлчийн бүтээн байгуулалтын эзэн арай өөрийг өгүүлнэ. Түүний хэлснээр нийслэлийн 400-хан километр замд 180 мянга орчим тээврийн хэрэгсэл багтаж ядан түгжирч байна. 400-хан километр замынх нь 80 хувь эвдэрч хэрэгцээнээс гарсан. Хорьхон хувь нь шинэ зам гэдэг ч урсгал засвар хийх хэмжээний болсон гэж толгой сэгсрэх аж. Тэрээр Баянхошууд амьдардаг. Харин ажил нь “Кино үйлдвэр”-т. Өглөө ажилдаа 09.00 цагт ирэхийн тулд 06.00 цагт босч 07.20 цагт гарахгүй л бол хоцордог аж. Тиймээс өөрийнх нь хэлсэн хөрөнгө оруулалт хийх нь хамгаас чухал…
Тэд ингэж хэлж буй бол харин хотын удирдлагууд, харъяа байгууллагууд энэ мөнгөөр өөрийг хийх ёстой гэж үздэг. Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн авто замын гэрлэн дохиог шинэчлэх төслийн хүрээнд 13,5 сая ам.доллар зарцуулахаар болсон. Зарцуулж ч байна. Гэрлэн дохионы юуг шинэчлэхэд 13,5 сая ам.доллар зарцуулдаг юм бол оо. Энэ асуултад Авто замын газрынхан “Төслийн хүрээнд 47 уулзварт шинээр гэрлэн дохио, 26 уулзварт теле камер, 52 цэгт мэдрэгч суурилуулна. Мөн теле камер, мэдрэгч нь нэгдсэн удирдлагын төвтэй байх агаад ажиллаж буй замын хөдөлгөөнийг зохицуулах программ хангамжийг мэдээллээр хангах зориулалттай юм. Түүний техник, тоноглолд зарцуулна” гэх жижүүрийн хариултаар “бэлэг” барина. 13,5 сая ам.долларын өртөгтэй төсөлд иймхэн ажил л багтдаг хэрэг үү гэвэл “Зөвхөн 47 уулзварт гэрэл дохиог шинэчлээд төсөл дуусч байгаа хэрэг биш. Төслийн задаргаагаар нэгдсэн удирдлагын төвийг тоноглох программ хангамжийг суурилуулах, газар доорх шилэн кабелийн сүлжээ, 26 уулзварт суурилагдсан телекамер түүний шон. мэдрэгч, хамгаалагч зэрэг маш олон зүйл зардалд багтаж байгаа. Дээр нь манай инженер техникийн ажилчдыг сургах сургалтын зардалч орсон” гэх бөлгөө. Тэдний тайлбарлаад байгаа камер нь авто машины дугаарыг харах боломжгүй гэдгийг Мэргэжилтнүүд хэлж байгаа. Осол хийгээд зугтсан этгээдийн машины дугаарыг харж чадахгүй бол тэрний хэрэг байна уу гэж асуумаар байна. Хариултыг нь хэзээ нэгэн цагт харгалзах хүмүүс нь хэлнэ биз ээ. Дашрамд дурдахад, нийслэлд Япон Солонгос, Орос гэх мэт дөрвөн улсын өөр өөр гэрлэн дохио байдаг юм билээ. Өөр хоорондоо адилгүй.
…Ганцхан зүйлээр жишээлэхэд, зуны орой болгон битүү бөглөрчихдөг нийслэлийн ногоон зуслан руу явах замыг бүрэн шинэчлэхэд уг төслийг мөнгөнөөс 100 дахин бага мөнгө зарцуулна гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Гэтэл энэ замыг засах мөнгийг 100 дахин нугалсан мөнгийг хоёрхон сарын дараа асахаа байчихдаг гэрлэн дохионд зарцуулж байна. Хэтэрхий их мөнгийг Солонгосоос гэрлэн дохио худалдан авахад зарцуулсан болохоор гэрлэн дохионы дээр гэрлэн дохио байрлуулдаг болчихжээ. Үүнийг анзаарах тэнхэлгүй хүмүүс энэ салбарыг толгойлдог гэдэгт итгэхгүй байна. Харин хэн нэгний шахааны бизнес цэцэглээд байгаа гэдэгт итгэлтэй байна .
Замын цагдаагийн дарга солигдохоор л жолооны үнэмлэх шинэчлэгддэг гэдэг. Өмнөх нь шаардлага хангахгүйдээ бус шинэ дарга мөнгөжих гэсэндээ тэр шүү дээ. Дүүргийн засаг “ноёд” ч замын хайс сольж ажилтай харагдангаа иймэрхүү бизнес хийдэг нь ч бас л жишээ. Үүнтэй агаар нэгэн адил юм болоод байгаа юм биш байгаа. Үгүй гэвэл уулзвараас уулзар хүртэл нэг ч туслах замтай нийлдэггүй шулуун замд гэрлэн дохио байрлуулах хэрэгтэй гэж үү.
“13,5 сая ам.долларын үнэтэй эддээ” гэж гэрлэн дохиог харах болгондоо санаж түүгээр юу хийж болох байсныг бодож яваарай, нийслэлчүүд ээ. Удахгүй гэрэлтүүлэгний шонгийн оронд гэрлэн дохио байрлах вий.
Л.НАРАНТӨГС