XI цагаан паралимп буюу Сочид өрсөлдөх Монголын паралимпийн баг тамирчдад “Говь” ХК-ийн урласан спортын шинэ загварын хувцсыг гардуулан өгөх ёслол өнөөдөр боллоо. “Сочи-2014” олимпийн наадам оролцсон Монголын баг тамирчдын ёслолын
хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компани урласан бол паралимпийн
тамирчдын хувцсыг “Говь” компани бэлтгэлээ. Хувцасны
загварыг сүлжмэлийн дизайнер Б.Болормаа зохион бүтээсэн байна.
XI өвлийн паралимпийн наадамд манай тамирчин Б.Ганболд оролцож, пара гүйлтийн цанын гурван зайд уралдах юм. Тодруулбал, түүний өрсөлдөх эхний тэмцээн болох спринт буюу нэг километрийн зайн уралдаан гуравдугаар сарын 10-нд болох бол 12-нд сонгомол техникээр 10 км-т, 16-нд тэших техникээр 10 км-ын зайд тус тус уралдах юм байна. Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажиллана. Б.Ганболд Сүхбаатар аймгийн харьяат бөгөөд өмнө нь хөнгөн атлетикаар хичээллэдэг байжээ. Гараа гэмтээж, тайруулсныхаа дараа ч тэрээр спортоо орхилгүй тууштай хичээллэсэн нь өнөөдөр ийн олимпийн замд хөтөлж байна. Б.Ганболд 2013 онд Шведэд болсон пара цанын дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцож, 60 орчим тамирчнаас 18 дугаар байрт
шалгарснаар Сочид өрсөлдөх эрхээ авчээ. Ийнхүү паралимпд өрсөлдөх Монголын цаначин залуу Б.Ганболд ОХУ-ын Сочи хотыг зориход бэлэн боллоо.
Паралимпийн наадам ирэх гуравдугаар сарын 7-нд эхэлж, гуравдугаар сарын 23-нд хаалтаа хийнэ. Монголын баг нийт найман бүрэлдэхүүнтэй Сочиг зорих ба гуравдугаар сарын 3-ны даваа гаригт тамирчин, дасгалжуулагч хоёроо үдэж мордуулах юм байна.