Уул уурхайн гол бүтээгдэхүүний нэг, экспортын ашгийг авчирдаг нүүрсний салбарыг уналтаас гаргахын тулд Уул уурхайн яам, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагатай хамтран “Нүүрс” хөтөлбөрийг баталсанаар хурлын үеэр цагаа олсон тухай албаныхан хэлж байсан. Хөтөлбөрийн нэгдүгээр шатыг 2014-2018 онд, хоёрдугаар шат 2019-2025 онд хэрэгжих ажээ. Ингэснээр нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж, нөөц баялаг өсөх, экспортыг нэг цонхны бодлогоор зохицуулах, хүрэн нүүрс боловсруулж, нийлэг шатдаг хий, шингэн түлш гаргаж, дотоодын хэрэгцээг хангах, транзит тээврийн коридор бий болгох, үнэ тариф тохирох, ложистикийн зардал бууруулах үр дүн гарах юм байна. Түүнчлэн 50-80 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, нийлэг хий үйлдвэрлэх, экспортлох төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхлэх ажээ. Ойрын ирээдүйд жилдээ нийт 100-130 сая тонн нүүрс экспортлох зорилгт тавин ажиллах гэнэ. Одоогийн байдлаар нүүрсний экспорт бараг зогссон шахуу ашиг муутай байхад энэ нь мөрөөдөл мэт сонсогдож буй. Энэ жилийн хувьд 31 гаруй сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний зорилт тавиад 20 сая тоннд ч хүрч чадаагүй юм. Ямартай ч салбарын хувьд нүүрсний салбарын зорилтоо ийнхүү томоор төсөөлж байна.
Уул уурхайн салбарт тулгараад байгаа хамгийн хүнд асуудлын нэг бол нүүрсний экспорт олигтой байхгүй байхад БНХАУ-тай байгуулсан гэрээ ёсоор “Чалко”-гийн өрийн асуудал. Тэгвэл “Ил тод уул уурхай” хурлын үеэр салбарын сайд Д.Ганхуяг “Чалко”-гийн өрийг энэ оны тавдугаар сарын сүүлчээр гэхэд бүрэн дуусгах талаар дуулгасан. “Чалко”-гийн өрийн үлдэгдэл одоогоор 148 сая орчим ам.доллар бөгөөд үүнээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор 1.5 сая тонн нүүрсээр 90 сая ам.долларын өрийг төлөх төлөвлөгөөтэй ажээ. Дөрөв болон тавдугаар сард нэг сая тонн нүүрсээр 60 орчим сая ам.долларын өрийг тус тус барагдуулснаар өр бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Ийнхүү энэ яриагаар бол Монгол Улс “Чалко”-гийн өрнөөс салж, экспортын ашигтаа анхаарал хандуулах нь.
Одоо шатахууны үнэ нийслэлд АИ-92, Монгол-93 автобензин 1660 төгрөг, А-80 1550 төгрөг, ДТ-1790 төгрөг байгаа. Импортлогч компаниуд сүүлд үнээ 20-40 төгрөгөөр нэмэхдээ ам.долларын ханш өндөр болон хилийн үнэ нэмэгдсэн тул үнээ нэмэх зайлшгүй шаардлагатай боллоо гэж байсан. Шатахууны үнийн 85 хувь нь хилийн үнээс хамаардаг бөгөөд хилийн үнийг бууруулахад шаардлагатай арга хэмжээ авсан талаар хурлын үеэр албаныхан хэлэх юм. Тодруулбал, Засгийн газраас ОХУ-ын “Роснефть” компанитай зөвшилцөлд хүрч, газрын тосны бүтээгдэхүүний үнийг олон улсын биржийн үнээс тооцдог болсноор нэг тонн тутмын шатахууны хилийн үнийг төрөл тус бүрт 300 ам.доллараар бууруулсан гэлээ. Хэдий тийм боловч шатахууны үнэ өндөр байна. Цаашдаа үнэ буух, өсөх тал дээр албаныхан ямарваа амлалт өгөөгүй бөгөөд шатахууны нөөц тогтвортой байгаа тохиолдолд үнэ огцом савлахгүй гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд өчигдрийн байдлаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 авто бензин 42, АИ-92 30, дизелийн түлш 42, ТС-1 26 хоногийн нөөцтэй буюу хангалттай хэмжээний нөөцтэй байгаа ажээ. Тиймээс ойрын хугацаанд хангалттай нөөц байгаа тул шатахууны нөөц хомсдохоос үүдсэн үнийн хөөрөгдөл лавүүсэхгүй нь.
Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 85.1 мянган тонн, молибден 397.0 мянган тонн, алт 420 кг, нүүрс 1.4 сая тонн байсан бөгөөд 5.37 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх асуудлыг тусгаснаар хууль эрх зүйн орчин тодорхой болсон гэж албаныхан дүгнэж буй. Ингэснээр энэ сарын байдлаар алт олборлогч компаниуд Монголбанкинд 1320 кг алт тушаасан байна. Энэ нь 2013 оныхтой харьцуулахад тушаасан алтны хэмжээ хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Цаашдаа хуулинд тусгаснаар ашигт малтмал ашигласны төлбөр 2.5 хувь болж буурсан тул алтны нөөц үүнээс ч илүү нэмэгдэх боломжтой ажээ.
Ийнхүү сарын хугацаанд уул уурхайн салбарт өрнөсөн бүтээн байгуулалт, тулгараад байсан гол асуудалд салбар яамныхан ийм мэдээлэл өгсөн бөгөөд одооны эдийн засаг маш хүнд байгаа ч гэсэн уул уурхайн салбараа өөдрөгөөр төсөөлөхийг хичээж байгаа бололтой.