
Хятадын Хэбэй мужийн Шижяжуан хотын иргэн Ли Гуйшин өнгөрсөн арванхоёрдугаар сард агаарын бохирдол дээд цэгтээ хүрсний улмаас гадаа дасгал хийж чадахгүйд хүрч гүйлтийн зам худалдаж авсан болон утаанаас хамгаалах баг, агаар цэвэршүүлэгч зэрэгт зарцуулсан мөнгөө Засгийн газраас нэхэмжилж, шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр Шижяжуан хотын шүүхэд ирүүлсэн материалдаа нийслэл Бээжин хотод агаарын бохирдлын хэмжээ аюулгүй түвшнээс 18 дахин ихэссэнийг дурьдсан байна. Түүнчлэн тэрээр хоолой хорссон утаатай нөхцөлд амьдарч буй Шижяжуан хотын оршин суугчдад нөхөн олговор олгуулахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Одоогоор түүний гомдлыг Шижяжуан хотын шүүх хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.
Үүний зэрэгцээ нарны гэрлийг халхалсан өтгөн утааны улмаас Бээжингийн аж үйлдвэрийн бүс дэх 147 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа аж. Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд цэнхэр, шар, шаргал, улаан гэсэн дөрвөн төрлийн өнгөөр агаарын бохирдлыг түвшинг анхааруулах дохио ажиллуулж эхэлсэн. Хэрэв хэт бохирдлын хэмжээг анхааруулсан улаан гэрэл ассан байвал Бээжин хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх бөгөөд сургууль, цэцэрлэгүүд, аж үйлдвэрүүд ажиллахгүй юм.