Өнөөдөр /II.26/ гэхэд ССАЖЯ өвлийн спорт холбоодын удирдлагуудыг хүлээн авч, санал бодлоо хуваалцлаа. Энэхүү уулзалтад Монголын тэшүүрийн холбоо, Цанын холбоо, Кёрлингийн холбоо, Бэнди буюу бөмбөгтэй хоккейн холбоод оролцсон юм.
Манай улсад барилга байгууламж, материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчин байдаггүй нь өвлийн спорт хөгжихөд сөргөөр нөлөөлж байгаатай ССАЖЯ болон спортын холбооны төлөөлөгчид санал нийлж байна.
Одоогоор манай улсад өвлийн спортын томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах бүү хэл тамирчид бэлтгэлээ базаачих барилга байгууламж алга. Тиймээс ойрын хугацаанд өвлийн спортын ордонтой болох талаар төр засгийн хэмжээнд яригдах болсон байна. Спортын ордон хаана , ямар төсөв, төслөөр, хэзээ барихыг эцэслэн шийдээгүй ч мэргэжлийн холбоодын саналыг авч, яамд хоорондоо ярилцаж байгаа аж.
Өвлийн спортын ордныг баривал ямар байвал олон төрлийг багтаах боломжтой байх талаар өнөөдрийн уулзалтаар ярилцсан байна. Хэрвээ том ордон баривал нэгдүгээрт, хөрөнгө мөнгө их зарцуулна. Хоёрдугаарт, том барилга байгууламжийг байнга ашиглах боломжгүй. Ийм төрлийн спортын ордон нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дайтай хэмжээтэй, битүү дээвэртэй байна. Тиймээс зардал мөнгө, цаг хугацаа их орно гэсэн саналыг дэвшүүлжээ. Гэхдээ нэгэнтээ том ордонтой болчихвол мөсний спортын төрлийг нэг дээвэр дор нэгтгэн, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах боломжой болно. Мөн иргэдийн энэ төрлийн спортоор хичээллэх боломжийг нээж, нийтийн биеийн тамир ч гэсэн үнэтэй хувь нэмэр оруулах бололцоотой гэдэг саналыг зарим холбоод өгсөн байна.
Харин битүү дээвэртэй, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой хоккейн ордны хэмжээтэй баривал төсөв, зардал бага гарна. Хоккейн ордноо уран гулгалт, шорт-трек, хоккей, кёрлинг гэсэн спортын төрлөөр ашиглах боломжтой. Цана тэшүүрийн баазаа Хандгайт дахь Монголын тэшүүрийн холбооны 13 га газарт байгуулах нь зүйтэй гэсэн саналыг холбоодоос дэвшүүлсэн байна. Хэрвээ Хандгайтад цана тэшүүрийн олон улсын жишигт нийцсэн бааз байгуулбал зөвхөн тамирчид гэлтгүй нийслэлийн иргэд гулгах, хичээллэх боломжтой байхаар баривал зүгээр гэдэг саналыг ч дэвшүүлсэн байна. Цаашид өвлийг спортыг бүсчилэн хөгжүүлж, техник тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, иргэдийг сонирхон хичээллэх боломжийг нээж өгөх ёстой гэдэг байр суурийг спорт холбоод илэрхийлсэн байна.
Мөн өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчин ямагт дутагдсанаар ирсэн, одоо ч дутагдалтай байгааг манай спортын холбооныхон төр засагтаа уламжилсан байна.
Монголдоо гадны шилдэг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулъя гэтэл ажиллах орчин байдаггүй. Жишээлбэл, нэг холбоо гадны шилдэг дасгалжуулагчийг эх орондоо уриад тамирчдаа сургахаар боллоо гэж бодъё. Гэтэл манай улсад өвлийн спортод зориулсан тусгай зориулалтын талбай, бэлтгэлийн бааз байдаггүй. Мөн тамирчдын хэрэглэл нь дутмаг учир ажиллах боломжгүйд хүрдэг гэнэ. Үүн дээр гадны шилдэг багш, дасгалжуулагч ажиллуулахад цалин хөлс нь өндөр учир хөрөнгө мөнгөний дутагдах асуудал тулгардаг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сочийн олимпийн дараа буюу ойрын хугацаанд өвлийн спортыг хөгжүүлэх бодлого чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр яригдаж байгаа гэнэ. Тиймээс нэн тэргүүнд ССАЖЯ мэргэжлийн спортын холбоодынхоо саналыг авч, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барихаар шуурхай ажилдаа ороод байна.