Ханш чөлөөтэй тогтож байх ёстой

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Мэдээж ханш өсөж байгаа нь иргэдийн
амьдралд тодорхой хэмжээнд дарамт болж л байгаа. Гэхдээ тэглээ гээд
ханшийг хүчээр барьж, тогтоодог хууль чөлөөт эдийн засагтай, ардчилсан
улс оронд байдаггүй юм. Ханш бол зах зээлийн жамаа дагаад өсөж, буурч
байх ёстой зүйл. Эдийн засгийн нөхцөл байдлыг тусгах “толь” гэх нь ч
бий. Өөрөөр хэлбэл, эдийн засаг ямар байна, ханш тийм л байдаг. Тухайн
улс орны эдийн засаг нь өөрөө хүчирхэг, үйлдвэрлэж чаддаг байвал
үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш гадаад валютын эсрэг чанга л байна
шүү дээ. Харин эсрэгээрээ үйлдвэрлэж чаддаггүй, дээрээс нь гадаад зах
зээл, импортоос хамааралтай бол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш
харьцангуй сул байх нь бий.

Манай улс яах аргагүй хоёр дахь
ангилалд нь орно. Өөрөөр хэлбэл, дотооддоо төдийлөн үйлдвэрлэж гавьсан
зүйл байхгүй, тэгээд гадаад зах зээл, импортоос томоохон хамааралтай гэж
эдийн засагчид хэлдэг. Тэгвэл сүүлийн хоёр жилд гадаад зах зээлийн
нөхцөл байдал хэрхэн муудсаныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Гадаад
худалдааны алдагдал нэмэгдсэн, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт ч 53
хувиар буурсан. Ийм нөхцөлд угаасаа л ам.долларын эсрэг сулхан ханштай
байдаг төгрөгийн ханш улам суларсан хэрэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн
нөхцөл байдлаа дагаад, ханш ч бас өөрчлөгдсөн гэсэн үг. 2012 оны сүүлээс
эхлэлтэй гадаад нөхцөл байдлын дарамт яван явсаар өнөөдөр ам.долларын
ханшийг ийнхүү чангаруулсан гэдгийг эдийн засагчид ам нэгтэй хэлж л
байгаа.

Тэгэхээр цаашдаа ханшийг зүгээр хараад сууж байна гэсэн
үг биш. Ханш чангарсан байгаа нь эдийн засагт, иргэдийн амьдралд дарамт
болж л байгаа. Тийм учраас бууруулахын тулд тодорхой арга хэмжээ авах
учиртай. Энэ нь хүчээр бууруулах биш гэдгийг сануулъя. Хүчээр бууруулах
бус ханш буурах нөхцөл, орчинг бодлого боловсруулагчид, эрх баригчид
авах ёстой юм. Энэ ажлаа тодорхой хэмжээнд хийсэн. Алтны тухай хуулийг
баталж, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай
хуулиудыг баталсан. Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах
бодлогын баримт бичгээ ч баталлаа. Үүний үр дүнд түрүүчээсээ он гарсаар
нааштай үзүүлэлтүүд ажиглагдаж эхэлжээ. Валютын орох урсгал 17 хувь,
шууд хөрөнгө оруулалт 23 хувиар өссөн байна. Мөн Монголбанкинд
тушаагдсан алтны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин
нэмэгджээ. Энэ мэт таатай статистикийн үр дүнд цаашдаа ам.долларын ханш
буурна гэсэн хүлээлт үүсээд байгаа аж.

Товчхондоо бол ам.долларын
ханш өсөж, буурч байдаг нь зах зээлийн эдийн засгийн жирийн л нэг
үзэгдэл. Гагцхүү огцом өсөж, буураад, эргэлзээтэй байдал үүсгээд байж
болохгүй. Өнгөрсөн оны долоодугаар сард ханш огцом өссөн тал бий. Гэхдээ
тэрнээс хойш харьцангуй тогтвортой буюу 1700 орчим төгрөгт хэлбэлзэж
буй. Сүүлийн сард аажмаар нэмэгдсээр 1780 төгрөгт хүрлээ. Энэхүү ханш
нэг талаасаа иргэдийн амьдралд дарамт болж байгаа ч нөгөө талдаа
үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талтай. Учир нь ханш чанга байгаа үед
импортын бараа үнэд орсноор дотооддоо үйлдвэрлэсэн, үнэ нь өсөөгүй
барааны борлуулалт нэмэгддэг аж. Тийм ч учраас хөгжиж байгаа, үндэсний
үйлдвэрлэлээ дэмжих гэж яваа улс, орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийн
ханшаа сул байлгах бодлого баримталдаг жишиг бий. Манай улс хүчээр сул
байлгах хэрэгтэй гэж байгаа юм биш. Ханш чөлөөтэй хөдөлж, хөрвөж байх
ёстой. Үүнийгээ ч Монгол Улс Төв банкны тухай хуулиараа баталгаажуулаад
өгчихсөн байдаг билээ.

Л.ЭНХДЭЛГЭР

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж