Нөгөөтэйгүүр, нефтийн бүтээгдэхүүн литр тутамдаа 50-90 төгрөгөөр нэмэгдсэн нь бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь үзүүлэлт болжээ. Гэтэл Засгийн газар, төв банк хамтран гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор “Үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад зориулж 13 нефть импортлогч компанид жилийн 3.8 хувийн хүүтэй 200 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ийм байтал нефтийн үнийг өсгөсөн нь Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээг авч чадахгүй байгаатай холбоотой гэнэ. Тиймээс энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан асуулга тавьж, нефтийн бүтээгдэхүүн дээр хэрэгжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, мөн шатахуун хийгээд авто бензины хэд хоногийн нөөцтэй байгаа зэрэгт тодорхой мэдээлэл авахаар болжээ.
Эдийн засгийн нөхцөл байдал ийн хүндэрч цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж мэдэх онцгой нөхцөл үүсчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын тайлбарласнаар өнгөрсөн онд 301 аж ахуйн нэгж дампуурлаа зарласан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 500 орчим компани үйл ажиллагаагаа зогсоож мэдэх нөхцөл байдал үүссэн аж.
УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засаг хүндэрч болзошгүй байгааг сануулж, ам.долларын ханшийг зөв тусгахаас эхлүүлээд төрийн данхайсан бүтцийг багасгах замаар төр бүсээ чангалах, баялаг бүтээгчдээ дэмжих ёстойг сануулж ирсэн. Даанч эрх баригч хүчин үгийг нь авалгүй хүч түрэмгийлэн төсвийг баталснаар ам.долларын ханшийг 1384 төгрөгтэй тэнцүүлэх амлалт авсан. Харамсалтай нь, төсөв баталсан цагаас валютын ханш тогтмол чангарсаар урьд өмнө хүрч байгаагүй төвшиндөө хүрсэн нь эрх барьж байгаа Ардчилсан намынхны алдаатай бодлого хэрэгжүүлж байгаатай холбоотой гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэллээ.
С.Батболдын Засгийн газар Н.Алтанхуягийн танхимд ажлаа хүлээлгэж өгөх үед 1 ам.доллар 1305 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин өнөөдөр 1 ам.доллар 1795 төгрөгтэй тэнцсэн байна. Мөн тэр үед валютын нөөц 4125.8 тэрбумд хүрсэн байсан бол өнөөдөр 1.1 тэрбум ам.доллар болж буурсан гэнэ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс эрх баригч хүчинд хандан дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Үүнд
- УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зарлаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох. Хүндрэлийг даван гарах арга замыг эрдэмтэн судлаачид, эдийн засагчдаар хэлэлцүүлэх.
- Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг яаралтай зарлан хуралдуулах.
- Засгийн газар эдийн засгийн хямралт байдалд орсноо олон нийтэд нуулгүй зарлаж ард түмэн, сөрөг хүчинтэйгээ хамтран хүндрэлийг даван туулах төлөвлөгөө гаргах.
- Баялаг бүтээгч бизнес эрхлэгчидээ дэмжиж бодитойгоор ажиллах ёстой гэж үзжээ.