Европын аварга Испанийн шигшээ өнгөрсөн шөнө хэсгийн хоёр дахь тоглолтдоо Гондурасын багийг 2:0-ээр буулган авлаа. Довтлогч Давид Вилья тоглолтын хоёр гоолыг оруулснаас гадна торгуулийн цохилт алдаж цохисноор хет-трик хийх боломжоо алдсан юм.
Талбайд зөвхөн ялалтын төлөө гарсан “Ялагдашгүй Армада” 17 дахь минутаас эхлэн тоглолтыг хошуучилж эхэлсэн. Вилья алсын зайнаас хүчтэй цохилт гүйцэтгэж, дэлхийн аваргын шилдэг гоолуудын нэгийг оруулсан юм. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд 51 дэх минутад Вилья солгой хөлөөрөө хаалгач Ноэль Вальядаресийн хаалганд дубль хийжээ.
Ийнхүү дэлхийн аваргын анхны ялалтаа авснаар Испанийн шигшээ Швейцарийн адил гурван оноотой боловч гоолын зөрүүгээр хэсэгтээ хоёрдугаарт бичигдээд байна. Харин “Н” хэсгийг Чилийн баг тэргүүлж байгаа юм.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ