-УИХ-ын хаврын чуулган хэзээ өндөрлөх төлөвтэй байгаа вэ. Долдугаар сарын 5 гэсэн нэг тов дуулдаж байсан. Тэр үед завсарлах боломж бий юү?
-УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 5-ны үед завсарлуулах тухай ерөнхийдөө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр ярьчихаад байгаа. Энэ товыг нэлээд хэд хоногийн өмнөөс ярьсан. Одоогоор энэ л тов дээрээ байна. Өнөөдөр бол зургадугаар сарын 21-ний өдөр. Тун бага хугацаа үлдээд байна. Үлдсэн хугацаанд олон чухал асуудал шийдэж байж чуулган өндөрлөх ёстой.
-Ямар гол хуулиудыг үлдсэн хугацаанд батлахаар төлөвлөөд байгаа вэ?
-Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Тавантолгойн асуудал гээд олон асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа. Тун саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төслийг өргөн барилаа. Эдгээрийг болж өгвөл бүгдийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Гэтэл үлдэж байгаа хугацаа тун бага байна. УИХ дахь намын бүлгүүд, гишүүд нэлээд шахуу ажиллаж байж эдгээрийг амжиж хэлэлцэж гаргах шаардлагатай.
-Тэгвэл нэгдсэн хуралдааныг лхагва гаригийн үдээс хойш хуралдуулж болдог тэр горимдоо шилжих үү?
-Бид бүхий л бололцоог ашиглах хэрэгтэй. Долоо хоногийн хоёр өдөр л нэгдсэн хуралдаантай байна гэдэг урьдах дэгийн дагуу явбал эдгээр асуудлыг хэлэлцэж баталж яагаад ч амжихгүй. Ийм учраас долоо хоногийн бусад өдрүүд, тухайлбал, байнгын хороодын хуралдаан гайгүй байвал тэр өдрүүдэд нэгдсэн хуралдаан хийх боломж бий. Энэ мэтийн нөөц бололцоог нэлээд дайчлах хэрэгтэй. Нөгөө талаас УИХ-ын байнгын хороод бүх асуудлыг хэлэлцэхэд бэлэн болгож нэгдсэн хуралдаанд оруулах ёстой. Долдугаар сарын 5-нд чуулганыг өндөрлүүлэхийг эрхэм гишүүд ойлгож байгаа учраас цаг заваа гаргаж асуудалд хандах учиртай даа.
-Гишүүдийн ирц тааруухан байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Гишүүдийн ирц одоогоор хангалттай байгаа. Гадаад, дотоодод томилолтоор явах асуудал байна. Гэхдээ үлдэж байгаа хугацаанд тун цөөн тоотой томилолт байгаа. УИХ-ын удирдлага ч гишүүдэд энэ талаар чиглэл өгсөн.
-Гол нь гишүүд өглөө цагтаа цугладаггүйгээс болоод байнгын хороод хуралдаанаа оройтуулж сунжирдаг шүү дээ?
-Тэрийг манай гишүүд ойлгож, энэ багахан хугацаанд цагаа барих байх гэж найдаж байгаа. Гол нь энэ хавар ажил их байсан. Гишүүд амрах шаардлагатай. Түүнийгээ мэдэж байгаа болохоор үлдсэн хугацаанд шахуу ажиллах байх.
-Өнгөрсөн зун Оюутолгой гээд гишүүд амралгүй шууд намрын чуулгантай залгасан. Энэ зун Тавантолгой гэж зусах юм биш байгаа?
-Гайгүй байх аа. Гишүүд маань сайн хичээж ажиллавал цагтаа чуулганаа завсарлуулах боломжтой. Хэрэв амжуулахгүй бол тухайн тэр үед нь дахиад л чуулган завсарлуулах товын талаар ярих байх даа.
Д.ОЮУН