-Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлыг УИХ-ын энэ хаврын чуулганд багтааж шийдвэрлэхээр ярьж эхэллээ. Засгийн газраас Тавантолгойгоор загвар оруулж ирсэн.Энэ талаар эхлээд ярих уу?
-Тавантолгой өөрөө ашиглахад хялбар уурхай байгаа юм. Гол асуудал нь борлуулалтдаа бий. Тавантолгойг ашиглаж, газар доорх нүүрсээ ил гаргаад мөнгө болгох гээд л байгаа улс байгаа юм л даа бид. Тэрийг хийдэг аргыг мэдэж ядаад байх юм байхгүй л дээ. Засгийн газрын оруулж ирсэн загвар бол урьд ярьж байснаасаа дэвшилттэй. Гэхдээ л хэд хэдэн зүйлийг хэлэлцүүлгийн явцад зайлшгүй өөрчлөх хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа.
-Жишээлбэл, юуг өөрчлөх хэрэгтэй вэ, таныхаар?
-Нэгдүгээрт, Тавантолгойг ашиглаж монголчууд дэлхийн хэмжээний компанитай болох. Түүний тодорхой хувьцаа нь гадаадын хөрөнгийн биржүүд дээр зарагдсан байх. Олон улсын хэмжээний Эрдэнэт шиг том компани бий болгох гэсэн үг. Хоёрдугаарт, Тавантолгойн нүүрсний боломжит зах зээл хаана байна. Түүнтэй бид холбогдох ёстой. Коксжих нүүрсний хувьд өөрсдөд нь нүүрсний нөөц байхгүй дэлхийн ган үйлдвэрлэгч том улсууд, компаниудад манай зах зээл нээлттэй байх ёстой. Тухайлбал, Япон, БНСУ, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг байна. Эрчим хүчний нүүрсний хувьд Хятадаас өөр зах зээл байхгүй. Энэ хязгаарлалтуудаа бодож үзэх ёстой. Миний Тавантолгойн талаар баримтлах байр суурь гэх юм бол чаддаг, чаддаг юмаа л хийе. Бид Тавантолгойн нүрсийг ухаад, олборлоод, авах газарт нь хүргээд өгч чадна. Эрчим хүчний нүүрсийг хятадын хил рүү оруулаад өгч чадна. Коксжих нүүрсийг хаана худалдаж авч байна, тэнд нь хүргээд өгч чадна. Мэдээж, Тавантолгойн нүүрс нэг бол цахилгаан станц, нэг бол гангийн үйлдвэрт л очино. Цахилгаан станц руу бол нүүрс чигээрээ шууд очино. Гангийн үйлдвэрт болохоор кокс хийх процессоор дамжина. Кокс-химийн үйлдвэрт орж дүрсээ, чанараа хувиргана гэсэн үг л дээ. Ган гэдэг бол төмрийн хүдэр дээр кокс хийж шатаагаад гаргасан, өндөр температурт хайлсан төмрийг л янз бүрийн хэлбэртэй болгохыг хэлээд байгаа шүү дээ. Эрчим хүчний нүүрсийг угаагаад, цэвэрлээд, сортлоод станцууд руу явуулна.
-Монголдоо үүнийг боловсруулж нэмүү өртөг бүтээх үү?
-Тийм. Ер нь Монгол Улс аль болохоор их өртөг шингээх талаар л бодох ёстой юм. Болдог бол эрчим хүчний нүүрсээрээ цахилгаан үйлдвэрлээд Эрдэнэт рүү зарах, коксжих нүүрсээрээ кокс үйлдвэрлээд түрүүчийн хэлсэн таван улс руу зарах, ийм л ажил хийх зорилгыг Тавантолгойг ашиглахдаа анхаарах ёстой л доо. Энэ зорилтууд дотроос бидний хийж чадахгүй зүйл юу байна гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
-Юуг Монголдоо хийж чадахгүй вэ, тэгвэл?
-Бидэнд Япон, БНСУ, БНХАУ, ХБНГУ, Энэтхэгийн гангийн үйлдвэрийн стандартад таарсан кокс үйлдвэрлээд, борлуулаад байх хүчин чадал одоогоор байхгүй. Мэдэх ч үгүй энэ бизнесийг. Бодвол их нарийн юм байдаг шиг байгаа юм. Бидний хийж чадах ажил гэвэл ил уурхайг байгуулж ашиглаад явж чадна. Багануур, Шивээ-Овоогийн туршлага байна. Бидний чадахгүй юман дээр кокс импортологч орнууд туслах ёстой. “Тэр кокс хийдэг үйлдвэрээ Монголын нутаг дээр барьчих. Бид коксжих нүүрсээ аваачаад өгье. Та нар гаргасан бүтээгдэхүүнээ цааш нь зөөгөөд аваад явцгаа” гэдэг ийм бодлого гаргамаар байгаа юм. Эрчим хүчний нүүрсээ нүүрс хэлбэрээр нь зөөнө үү, тог болгоод зөөнө үү. Тэр бол явцын дунд өөрчлөгдөх ёстой. Эхний ээлжинд нүүрсээр нь зөөж таарах байх. Нүүрсээр нь зөөх явцдаа бас өртөг нэмдэг боломжуудыг бүгдийг ашиглах хэрэгтэй. Машинаар зөөх нь вагоноор зөөхөөс илүү өртөгтэй. Тэр зардал Монголд үлддэг байх ёстой. Жолоочийн цалин, тос, бусад үйлчилгээ. Тэнд эхний ээлжинд төмөр зам тавихгүй машин замаар нүүрсээ тээнэ гэж байна. Ядахдаа энэ олон ажилгүй хүнээ хүнд машины жолооч болгож бэлтгээд нүүрс зөөлгөөд эхлэх юм бол зүгээр хог шүүрдээд 300 мянган төгрөг ав гээд байгаа Улаанбаатарын саналаас дээр болов уу гэж бодож байна.
-Тавантолгойн баялгаас иргэддээ хувьцаагаар ашиглуулна гэж Засгийн газар зарлаж байгаа?
-Тэр бол дараагийн асуудал. Тавантолгой өөрөө идэхэд бэлэн болсон бялуу биш. Бэлэн болсон хойно нь бол хуваахад амархан. Тавантолгойг өөрийг нь ажиллуулахад эхлээд мөнгө хэрэгтэй. Ашигтай ажиллаж байгаа газрын хувьцааг тарааж болно. Байхгүй юмны хувьцааг тараах нь угаасаа логикийн хувьд боломжгүй. Тавантолгойн лиценз улсад байгаа учраас улс өөрөө зөв менежментээ хийгээд явах, хувийн хэвшилтэйгээ төр хамтраад дэлхийн хэмжээний хувьцаат компанитай болох зорилго тавих хэрэгтэй байна.
-Тийм компанитай болохын тулд нэн даруй юу хийх хэрэгтэй вэ?
-Монголын хөрөнгийн биржээр хувьцаа гаргаад, хувьцаат компани болгочихоод, энэ уурхайг яаж ашиглах вэ гэдэг үндэслэлээ гаргаж таарна аа даа. Тэрнээс л ажил эхэлнэ дээ.
-Тавантолгойтой төмөр замын бодлого уялдаж байгаа. Төмөр замаа шинэчлэхийн тулд эхлээд яах хэрэгтэй вэ?
-УИХ төмөр замын бодлогыг батлахдаа хоёрдугаар ээлжийн төмөр зам баригдтал авто замаар нүүрсээ зөөж байя гэсэн шийдвэрийг анхны хэлэлцүүлгээр өнгөрсөн долоо хоногт гаргасан. Нэг биш нэлээд хэдэн зам барьж, машинууд ажиллаж, хүмүүс ажилтай болоод эхлэг л дээ. Замгүй байж одоогийнх шиг түүхий нүүрс гадагш гаргана гэвэл бүтэхгүй л дээ. Засмал зам тавих ажлаас л эхлэх байх.
-Эхлээд аль чиглэлд тавих болсон бэ?
-Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Чойбалсан. Хоёрдугаар ээлж нь Тавантолгойгоос урагш.
-Шинэ төмөр замын цариг ямар байх нь зөв бэ. Өргөн, нарийн, холимог гээд олон санал орж ирж байх шиг байна?
-Одоо байгаа стандартаараа барьсан нь дээр гэж бодож байгаа. УИХ ч тэгж батлах байх гэж найдаж байна. Яагаад гэвэл нэг улс олон янзын стандартын төмөр замтай байдаг зовлонг бид хуулмааргүй байна. Австрали нэг хэсэг стандартгүй байсан юм билээ. Тэгээд 16 төрлийн төмөр замтай болчихсон. Сүүлдээ аргаа бараад цөөлсөөр байгаад одоо хоёр, гуравтай үлдсэн юм шиг байгаа юм. Уул уурхай хөгжүүлж байгаа орон олон янзын цариг сонгож болдоггүй юм гэдэг туршлагыг Австралийнхан үүгээрээ бидэнд хэлж өгөөд байна л даа. Нэг уурхайн эзэн нөгөө уурхайн эзнийхээ ачааг түргэн явуулахгүйн тулд л олон янзын цариг бодож олоод байдаг юм байна. Хүн болгон төмөр зам тавихаар өртөг нь өсөөд байдаг. Улс юм чинь дотроо нэг стандарттай байж, түүгээр нь бүх хүний ачаа тэгш эрхтэй явдаг байхгүй бол болохгүй. Монгол Улсад олон улсын зам барина л гээд яриад байгаа. Бид тэр олон улсын замтай өөрөө очиж холбогдох боломжгүй, заавал Оросоор юм уу, Хятадаар дайрдаг улс. Тэгэхээр тэр яриа үндэсгүй яриа байгаа юм.
-Тавантолгойг төр 100 хувь мэдэлдээ байлгаж байгаа. Гэхдээ төр хамгийн муу менежер гэдэг?
-Төр сайн байх уу, муу байх уу гэдэг өөрөөс нь хамаарна. Төр муу байдаг гээд лицензээ хувь хүнд үнэгүй өгчихөж болохгүй. Гэрээгээр ашиглуулах барих гээд олон хувилбар байгаа. Тэр хэлбэрүүдийн аль сайныг сонгож авах хэрэгтэй.
-Тавантолгойн ашиглах хэсгийг хоёр хуваагаад нэгийг нь дан монголчуудад, нөгөөг нь гадныханд юм уу, хамтарсан компаниудад ашиглуулна гэж Засгийн газар үзэж байгаа, энэ талаар?
-Би өөр бодолтой байгаа. Таван толгойг хоёр хуваагаад хэрэггүй, нэг бүхлээрээ байх хэрэгтэй. Олборлодог компани нь нэг байгаад, тэр компани өөрөө дэлхийн зах зээл дээр хувьцаагаа гаргадаг. Нээлттэй, олон улсын стандартад нийцсэн, тийм компани байг. Цааш нь харин өртөг нэмдэг хэсэг дээр гадаадынхантай хамтаръя. Тэнд бол бидний мэдэхгүй, чадахгүй юм их бий. Би ингэж л бодож байна.
-Сайншандын боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг Тавантолгойн уурхайтай зэрэг бариад эхлэх нь зөв үү, эсвэл нэлээд хөрөнгө сууж байж эхлэх үү?
-Тэрийг монголчууд мөнгөө гаргаж хийх албагүй. Түүхий эд нь бидэнд байна. Гадаадын хөрөнгө оруулагчид үйлдвэрээ бариад, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ аваад явдаг байж болно. Монгол ажилчид тэнд ажиллана. Нэгд, түүхий эдээ зарчихна. Хоёрдугаарт, хүнээ ажиллуулчихна. Гуравт, манай экспорт урьд хожид байгаагүйгээр нэмэгдэнэ. Бүх юмыг өөрөө хийнэ гэдэг бол буруу. Чаддаг чаддагаа хийе гэж эхэнд хэлсэн шүү дээ. Арав хорин жилийн дараа бид юм сурна. Тэгэхэд Оюутолгой шиг бүх юм нь гэрээгээрээ хаагдчихсан байхгүйн тулд Тавантолгойн уурхай хоёр биш, нэг байж байгаад, гаргадаг нүүрс, тээвэрлэлт, үнэ өртөг, чанар нь нь уян хатан байг. Дараа нь менежмент хийж болохоор тийм хэмжээний байдлаар баталж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй 30 жил яг ингэж тас явна шүү гээд батлаад өгчихвөл монголчууд кокс гаргаж сураад, зэс хайлуулаад сурчихсан чинь бүх юм нь урьдчилаад алга болчихсон байж таарахгүй л дээ.
-Монголчууд дагнаад ажилладаг болтлоо боловсон хүчний сургалт хэрэгтэй байх?
-Ил уурхай ядаад байх юм байхгүй. Туршлага нь манайд бэлэн байгаа. Мэдэхгүй чадахгүй гэдгээр Монголын инженерүүдийг, Монголын компаниудыг басамжилдгаа болих хэрэгтэй. Чадна гэж зүтгэж байж л юмны ард гарахгүй бол “Бид угаасаа кокс хийж чадахгүй. Тийм болохоор хэзээ ч кокс хийх тухай ярихаа больё” гэж болохгүй. Гадаадынхны байгуулсан коксын үйлдвэрт ажиллаад тав арван жилийн дараа мэдлэгтэй болчихно.
-Эхний ээлжинд ямар хүчин чадалтай ил уурхайг Тавантолгойд барих вэ?
-Эхлээд 15-30 сая тоннын уурхай төлөвлөсөн байна лээ. Шаардлагатай бол үүнээс ч илүү гаргаж болно. Тавантолгойн нөөц хангалттай учраас жилийн 50 сая тонноор явахад л 100 жилийн ажил шүү дээ. Жилийн 50 сая тонн гэдэг бол одоогийн Багануурын олборлодгоос 10 дахин том гэсэн үг. Тэгэхээр ямар том тооны тухай ярьж байгаа нь харагдаж байгаа биз дээ.
-Нүүрсээ хэзээнээс угааж боловсруулах вэ?
-Угаах үйлдвэрийг энэ жилээс барьж болно. Хэцүү биш.
-Хэдэн жилийн дараа эхний ээлж ашиглалтад орох боломж харагдаж байна?
-Замаа тавьчихвал шууд ашиглаад явж болно. Авто зам, төмөр замыг хоёр тийш нь тавиад л эхлэх хэрэгтэй л дээ.
-Орос руу гаргах төлөвлөгөө бий юү?
-Оросын нутгаар дамжиж далайн эрэг хүргэх төлөвлөгөөгөө бид эхийн үе шат гэж хэлээд байгаа юм. Транссибириэр гаргаж Оросын боомт хүргэх нь стратегийн ач холбогдолтой. Бид нэг хаалгатай байвал нэг худалдан авагчийн гарт байна. Тонн нь 100-150 ам.доллар хүрдэг коксжих нүүрсээ бид өнөөдөр 50-60-хан ам.доллараар урагш нь өгч байна. Нэг худалдан авагчтай учир авна гэсэн үнээр нь өгөхөөс аргагүй. Хоёр болчих юм бол байдал их өөр болно. Япон, БНСУ манайхаас 160 ам.доллараар Владивостокоос авъя гэж байна. “Тийшээ явах тээврийн зардлыг хасаад л авахгүй юү”гэж тэдэнд хэлж болно шүү дээ. Хоёр худалдан авагч, хоёр хаалганы учир энэ.
-Урагш гаргавал яах вэ?
-Урагшаа ч гаргаж болно. Урдуур дамжуулаад боомт хүргэж болно. Гол нь өрсөлдөгчтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол монополь эрх үүснэ. Өрсөлдөөнтэй байвал сайн үнэ хүргэнэ гэдгийг эрхбиш хүмүүс ойлгож байгаа болов уу.
-Хаврын чуулганаар багтаагаад Тавантолгойн асуудлыг шийдэх болов уу?
-Амжих болов уу гэж бодож байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ