НҮБ-ын тусламжийн асуудлаар уулзалдав

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

НҮБ-ын тусламжийн асуудлаар уулзалдав

Нэгдсэн үндэсний байгууллагын байран дээр “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” бодлогын баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийн талаарх, танилцуулах уулзалт болж өндөрлөлөө. НҮБ нь энэхүү Хөгжлийн тусламжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай стратегийн дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж.

Тухайлбал, эдийн засгийн хөгжилд оролцоо, тэгш байдлыг хангаснаар ядуурлыг бууруулахад нөлөөлөх, Нийгмийн суурь үйлчилгээг чанартай тэгш хүртээх нийгмийн хамгааллын тогтвортой систем бий болгох, хүний эрхийг хамгаалах, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор засаглалыг сайжруулах зэрэг чиглэлд ажлаа хандуулжээ.

Эдгээр сэдвүүдийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, дүгнэлтийн талаар мэргэжилтнүүд танилцуулга хийсэн бөгөөд нийгмийн суурь үйлчилгээ, нийгмийн хамгааллын асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл дараах саналууд хэлсэн юм. Тэрээр “Нийгмийн хамгаалалд зарцуулж байгаа мөнгөний хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй нь харьцуулахад өндөр. Энэ үзүүлэлтээрээ Япон, Казакстаны дараа л орохоор байна. Гэвч нийгмийн суурь үзүүлэлт тааруу хэвээр байна. Мөн эдийн засгийн өсөлт байгаа ч энэ нь иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй нь. Сургуульд хамрагдах байдал нийт хүүхдийн 90 хувь, вакцинд хамрагдах нь 95 хувьтай гэх сайн үзүүлэлт байдаг ч нялхсийн эндэгдэл, сургалтын чанартайгаа уялдсан уу гэдгээр тааруу байна” гэсэн юм.

Уулзалтанд оролцогчдоос үр дүн, дүн мэдээтэй холбоотой асуулт тавьж байсан бөгөөд хатагтай Сүзен “Ядуурал 37 хувиас 27 хувь болж буурсан гэж байна. Гэхдээ бид яагаад ийн буурсан бэ гэдгийг асуух ёстой. Ажил орлолт нэмэгдсэн үү, орлого сайжирсан хэрэг үү. Юунаас болов гэдгийг нягтлах шаардлагатай” гэсэн юм.

Энэхүү уулзалтын үр дүнгийн талаар НҮБ-ын Олон улсын байгууллагуудын газрын дарга В.Өлзийбаяр “Өнөөдрийн бидний хэлэлцэж буй энэхүү сэдэв нь НҮБ-аас Монгол Улсын Засгийн газартай дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллах тухай, монгол хүний хөгжлийг хэрхэн дэмжих вэ гэдэг стратегийн чухал бодлогын баримт бичиг. Үүний хүрээнд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх хугацаа нь таван жил бөгөөд яг одоо хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Төлөвлөсөн ажлууд харьцангуй амжилттай, үр дүнтэй үргэлжилж байна. НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээний санхүүжилтын хувьд нийтдээ 100 сая ам.долларыг зарцуулна гэж төлөвлөсний 2012, 2013 онуудад нийтдээ 37,7 сая ам долларыг төвлөрүүлж, 63 хувь нь энэхүү тайлангийн хугацаанд зарцуулагдсан байна” гэсэн юм. 

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж