Хэдий тийм боловч валютын ханшийн өсөлт хүмүүсийн амьдралд хүнд тусч байгаа. Үүнд банкныхан “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан нь Монголын эдийн засаг, гадаад худалдаанд шаардлагатай тохиргоог хийж өгч байна. Энэ нь валютын ханш өсөхөд гаднаас их хэмжээний бараа, бүтээгдэхүүн таталгүйгээр дотоодын үйлдвэрлэлээ илүү сонгох сонголтод нөлөөлдөг” гэсэн тайлбар өгсөн юм. Ам.долларын ханш өсөх тусам гаднаас авах худалдан авалтын хэмжээ багасч байгаа нь сайн хэрэг ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад өсч буй. Эргээд валютын ханш суларлаа гэхэд өргөн хэрэглээний барааны үнэ дагаад буурдаггүй нэг муу үзэгдэл зах зээлд байдаг тул Монголбанкнаас шуурхай арга хэмжээ авч ажиллах ёстой.
Тиймээс валютын ханшийн орох урсгалыг дэмжих, ханшийн эрсдлээс хамгаалахын тулд Монголбанкнаас арилжааны банкуудыг дэмжихээр болжээ. Монгол Улсад одоогоор 13 арилжааны банк зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ингэхдээ банкуудыг гадаад зах зээлээс хөрөнгө босгоход нь дэмжинэ гэж байна. Энэ нь ерөнхийдөө саяхан хуралдаж, шийдвэрээ гаргасан Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр юм. Дэмжих арга ньолон улсын зах зээл дээрээс гурав болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд эсвэл зээл хэлбэрээр банкнаас татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх ажээ. Энэ бодлоготой уялдуулж Монголбанкнаас арилжааны банкуудтай урт хугацааны своп хэлцэл хийх журмыг боловсруулсан талаар өнөөдөр онцоллоо. Урьд нь своп хэлцлийг банкуудтай хийдэг байсан ч одоогадаадын зах зээлээс хөрөнгө татаж ирсэн банк бүрийг илүүтэй дэмжинэ гэж байгаа юм. Урт хугацааны своп хэлцлийн үйл явц нь гадаад зах зээлээс татсан арилжааны банкны ам.долларыг Монголбанктатаж, төгрөг нийлүүлэх ажээ. Ингэснээр банкуудад ам.доллар бөөгнөрч, ханшийн эрсдлээс банкууд сэргийлж чадах буюу гадаадын зах зээлээс татсан хөрөнгөө энд валютын зээл хэлбэрээр гаргах бус Монголбанктай хэлцэл хийсний үндсэн дээр төгрөг хэлбэрээр зах зээлд гарах юм байна. Энэ бүхний үр дүнд валютын урсгал нэмэгдэх, ханш тогтворжих, зээлийн хүү буурах боломжтойг албаныхан хэлж байгаа юм.