Сайн, муу хосолсон Салса парти

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Сайн, муу хосолсон Салса парти

Бөгсөө хаялан бүжих охид, цэвэр усаар амны цангаагаа тайлах залуучууд цугласан газар руу би орлоо. Эхлээд ороход заал хүйтэн хөндий санагдсан. Орж ирээд удаагүй байтал чихэнд наалдахгүй эвгүй ая эгшиглэж Салса бүжгийн үдэш эхэллээ. Эргэн тойронд сандал ширээнүүд чигжүү байх бөгөөд бүжиглэх талбай нь  бага.

Алив ингээд хөдлөөд байвал тураад байх юм биш үү… гэх мяраалаг эгч нар пиво шимэнгээ хоорондоо шивэр авир хийлдэж, төд удалгүй тас тас хийтэл хөхрөлдөнө. Сонсоход нээрээ л турах сонирхолтой эмэгтэйчүүдэд хэрэгтэй зүйл мэт санагдав. Зарим гуалиг охид байх агаад ихэнх нь жаахан махлаг маягтай бүсгүйчүүд  байлаа. Тэнд нэг шил пиво 3500 төгрөгний үнэтэй, цэвэр ус 1500 төгрөгний үнэтэй. Харин Салса партинд ороход 5000 төгрөгний такстай.

Тэнд цугласан хүмүүсийн харилцаа юу юунаас илүү миний анхаарлыг их татсан юм. Учир нь биентэйгээ эелдгээр инээмсэглэн ихэд боловсон харьцах аж. Ингээд орчноо анзааран суутал нэг жуумалзсан залуу нэлээд маягтай хоолойгоор “шинэ ирсэн хүмүүс” гэсээр над мэтийн хөшүүн хөдөлгөөнтэй эмэгтэйчүүдийг тайзны голд зогсоов. Харин дараагаар нь хос болгож сайн бүжиглэдэг залуусыг хүчээр томилсон. Ингээд л бүжиглэж эхэлсэн дээ. Хөдөлгөөн нь хялбархан цуг зааж өгч буй залуус ч идэвхтэй санагдав.

Ингээд 15 минут тайзан дээр бүжиглэсний эцэст ая дуусч бүжиглэсэн шинэ хүмүүсээр хөтлөгч залуу “Бид шинэхэн ногоон”-ууд гэж хэлүүлэв. Эмэгтэй хүмүүсийн хоолой гарахгүй жаахан эвгүй санагдсан. Тэгэх нь ч тодорхой хэр баргийн хүнийг доромжлохдоо ч тэгж хэлдэггүй шүү дээ. Харин биднийг харж зогссон хүмүүс бах, таваа ханатал инээлдэж байлаа. Салсагаар хичээллэдэг хүмүүсийн боловсон зан нь  дэндсэн ч юм уу гэмээр  санагдсан.

Харин сайн бүжиглэдэг хосуудыг харахад салса их л секси бүжиг юм. Хоорондоо наалдаж хөлсөө гартал бүжиглэх аж. Тэд нэлээд удаан бүжиглэсний эцэст сууж дахиад л өөр хосууд гарч ирэн уян налархай  бүжгээ эхлэнэ.

Ажиглахад ихэнх хүмүүс ажил дээрээсээ ирдэг бололтой. Тэд  долоо хоногтоо нэгээс хоёр удаа Салса партинд зочлон биеийнхээ чилээг, стресстэй хамт үддэг гэнэ.

Бидний өнөөх хайгаад байгаа зөв шоудалт гэдэг нь энэ юм болов уу гэсэн бодол төрсөн. Тэд өөрсдөө бүжиглэж байгаадаа кайфтай, архи ууж байгаа хүн тун ховор, “Хослон бүжиглэж буй хүндээ архи, тамхи үнэртүүлээд байхыг хүсдэггүй” гэдгийг ч байнгын бүжигчин нэгэн залуу хэлж байлаа.

Иймэрхүү хандлагаас харахад салса партигаас архи тамхины хэрэглээ бараг хасагдах төлөвтэй. Сайхан нь давуу харагдах салса бүжгийн үдшээр зочилбол ядаж л хэрэглээний соёлд суралцах ажээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж