Украинд болоод байгаа үйл явдлыг Оросын талыг баримтлагчид, Барууны талыг баримтлагчдын сөргөлдөөн хэмээн тайлбарлаж байна. ОХУ Украинийг Европын холбоонд алдахыг хүсэхгүй байгаа бол Украин дахь сөрөг хүчнийхэн Оросоос зугтаах бодлого баримталж байна.
Украин, Орос бол нэг түүхэн эхтэй хүмүүс. Киевийг Оросын хотуудын эх гэж үздэг. Киевийн Русь гэж нэрлэгдэж байсан хаант улс нь славян үндэстний үнэн алдартны соёлын өлгий нутаг байлаа. Түүхэн хугацаандаа салж нийлж явсан Украин, Орос 1922 онд Зөвлөлт Холбоот улсыг үүсгэн байгуулсан эхний улсууд. ЗХУ байх үед хоёр улс эдийн засаг болон батлан хамгаалах нягт хамтын ажиллагаатай байсан. ЗХУ задран унаснаас хойш чухамхүү энэ нягт хамтын ажиллагаагаа хэрхэн яаж салгах вэ гэдгээс нилээд ярвигтай асуудлууд үүссэн. Тухайлбал, хамгийн ярвигтай нь Крымийн хойгийн асуудал. Крым нь албан ёсоор 1954 онд Украины мэдэлд ирсэн байдаг. ОХУ, Украин харилцан тохиролцсоны дагуу Крымийг Украины мэдэлд автоном эрхтэйгээр үлдээсэн байдаг. Өөр нэг асуудал нь Севастофоль юм. Севастофолийн боомт нь ЗХУ-ын усан цэргийн нэг гол хүчин болох Хар тэнгисийн флот байрладаг газар. Хэдийгээр Украины газар нутаг дээр байгаа ч Хар тэнгисийн флот нь шууд Москвад захирагдаж байлаа. Удаан хугацааны хэлэлцээний эцэст Хар тэнгисийн флотыг хоёр хуваан эзэмшихээр тохирсон ч ОХУ Севастофолийн боомтыг 2017 он хүртэл ашиглах эрхтэйгээр үлдсэн юм. Өөр нэг асуудал байгалийн хий, нефть дамжуулалтын асуудал юм. ОХУ-ын Европ руу экспортолж байгаа байгалийн хий, нефтийн хоолой Украины нутгаар дайран өнгөрдөг. Украин энэхүү хоолойгоор урсах байгалийн хий, нефтиэр өөрийнхөө хэрэгцээг хангадаг ч төлбөрөө төлөлгүй луу унжсаар асар их хэмжээний өртэй болсон. Москва төлбөрөө нэхэхээр хоолойг хаан экспортыг нь тасалдуулна хэмээн шантаажлах маягаар олон жил явж ирсэн. 2010 онд Харьковт хийсэн хэлэлцээрээр ОХУ Севастофолийн боомтыг 2042 он хүртэл ашиглахаар болж, хариуд нь Украинд байгалийн хий, нефтийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон.
Януковичийн үед Украины эдийн засаг тийм ч сайн үзүүлэлттэй байгаагүйг тоо баримт харуулдаг. Украины гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 8,3 хувьтай болж, валютын нөөц нь сүүлийн жилүүдэд эрчимтэй буурсан байна. Сүүлийн мэдээгээр хоёр сарын импортыг орлох нөөцтэй гэжээ. Төсвийн алдагдал нь ДНБ-ий найман хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт нь хямрал нүүрлээд байгаа. Украины шинэ эрх баригчид эдийн засгаа хэрхэн хурдан сэргээх вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулах шаардлагатай болж байгаа юм.
ОХУ-ын зүгээс Украины шинэ эрх баригчдыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй, “галт зэвсгийн хүчээр” засгийн эрхийг авсан хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдээд байгаа ч Киевийн шинэ эрх баригчид ОХУ-тай муудалцах нь Украинд ашиггүй гэдгийг ойлгож байгаа. Ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд шоронгоос суллагдсан Юлия Тимощенкогоос гадна сөрөг хүчний хэд хэдэн удирдагч /мэргэжлийн боксын тамирчин Виталий Кличко/ өрсөлдөхөө мэдэгдээд байна. Украины шинэ эрх баригчид орос хэлийг албан ёсны хэлд тооцох ерөнхийлөгч асан Виктор Януковичийг шийдвэрийг цуцалж байгаагаа мэдэгдсэн, АНУ, Европын холбоо, ОУВС эдийн засгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн зэрэг нь шинэ эрх баригчид ямар чиг баримжааг цаашид баримтлах нь бараг тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Оросоос зугтах хандлага ажиглагдаж эхэллээ. Эдгээр нь мэдээж ОХУ-д таалагдахгүй нь тодорхой.