Харин өчигдөр болсон цувралын дөрөв дэх тоглолтын эхний хагаст аль аль багуудын довтолгоо тун гайхалтай байлаа. Тэр дундаа Харцагуудын холын зайн шидэлтүүд эхний хагаст гайхалтай байж, Г.Баттөр болон Б.Нэмэхбаяр нар тус бүр дөрвөн шидэлтээ цагариганд оруулсан. Мөн Г.Баттөр эхний хагаст 9 довтолгооныхоо 7-г нь амжилттай болгосноор, 21 оноо авч, зогсоохын аргагүй байлаа. Улмаар нэгдүгээр үед Харцагууд 36-26-н харьцаатай илүүрхсэн бол хоёрдугаар үед хамгийн ихдээ 27 онооны зөрүүгээр хожиж эхэлсэн. Гэсэн ч энэ онооны хол зөрүүг Гарьдууд хоёрдугаар үеийн сүүлийн хэдхэн минутын дотор бүх довтолгоогоо амжилттай болгосноор, ойртуулж чадсан. Тэр дундаа Joe Davis болон Ууганбаяр нар ихэнх оноог авсанаар, эхний хагас 60-54 харьцаатай өндөрлөсөн. Энэ хагаст аль аль багууд 53 хувьтай довтолсон байна. Мөн энэ өдөр 2 багийн хөгжөөн дэмжигчид СТО-нд гайхалтай уур амьсгал үүсгэн, хайртай багууддаа үнэхээр том дэмжлэг үзүүлж байлаа.
Энэ тоглолтонд Гарьдуудаас Joe Davis 25 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, Dane Rawlins 17 оноо, 24 самбар, 4 бөмбөг таслалт, О.Ууганбаяр 16 оноо, 12 самбар, С.Батбямба 7 оноо, Freddie Woods 7 оноо, Ц.Азбаяр 5 оноо авч, 5 оновчтой дамжуулалт өгчээ. Харин Харцагуудаас Г.Баттөр 30 оноо, 5 оновчтой дамжуулалт, Marcus Hammonds 27 оноо, 12 самбар, Б.Нэмэхбаяр 17 оноо, Б.Одбаяр 9 оноо, 10 самбар, Б.Дорждамба 6 оноо, Б.Болортулга 9 самбар, О.Золзаяа 6 бөмбөг таслалт хийжээ.
Хэдийгээр тоглолтын эхнээс Харцагууд оноогоор илүүрхэж байсан ч, төгсгөл рүү оноогоо бариулж, улмаар багийн ахлагч Б.Одбаяр болон Б.Нэмэхбаяр нарын алдаа 6 болсоноор маш хэцүү байдалд ороод байсан. Энэ үед Харцагуудын гол ачааг легионер тоглогч Marcus Hammonds үүрч тоглож байлаа. Маш ширүүн өрсөлдөөнтэй өрнөж байгаа энэ цуврал, уламжлал ёсоор сүүлийн нэг минутанд ялагч нь шийдвэрлэгдэхээр болж, тооны харьцаа 87-87 болж тэнцсэн. Харин энэ үед Харцагуудын довтолгоог Marcus Hammonds гүйцэтгэж, амжилттай болгосноор, багтаа хожил авчирсан оноог авч, энэ өдрийн гол баатруудын нэг болсон. Улмаар энэ тоглолтонд 90:87 харьцаатай “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” баг хожиж, цувралын харьцааг 2:2-ын харьцаатай болгон тэнцүүллээ. Цувралын тав дахь тоглолт маргааш буюу лхагва гарагт 19 цагаас Спортын төв ордонд болно.
Плэй-оффын нөгөө учраа болох “Баянгол Гурван Тамир” болон “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” багуудын цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр боллоо. Энэ цувралын эхний гурван тоглолтонд “Хүлэгүүд” хожоод байсан. Тиймээс энэ тоглолт шийдвэрлэх тоглолт байсан юм. Энэ өдөр Хүлэгүүдээс багийн ахлагч Б.Сайнбаяр болон Гурван Тамир багаас Б.Даваажав нар гэмтлээс эргэн ирж, плэй-оффын эхнийхээ тоглолтонд оролцсон.
Тоглолт эхнээсээ л тун тэнцүүхэн эхэлж, эхний хагас 45-43 харьцаатай өндөрлөсөн бол 3-р үед Гурван Тамир баг оноогоор илүү гарч, 71-63 харьцаатай илүүрхсэн. Энэ тоглолтонд Гурван Тамир багаас Chris Lawson 21 оноо, 6 оновчтой дамжуулалт, А.Гансүх 15 оноо, 4 оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 13 оноо, 3 бөмбөг таслалт, Б.Дархантөгс 11 оноо, 6 самбар, P.J.Gaynor 10 оноо, 7 самбар, Э.Цэрэнбаатар 8 оноо, 5 самбар, Austin Witter 5 оноо, 8 самбар авчээ.
Гэсэн ч Хүлэгүүд энэ тоглолтонд хожиж, цувралыг дуусгах хүсэлтэй байлаа. Тэдний хамгаалалт дөрөвдшгжжр үед тун сайн болсон бол, Т.Санчирын довтолгоонууд гайхалтай байснаар, тун богино хугацаанд оноогоор илүү гарч чадсан. Хүлэгүүдээс Т.Санчир 23 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт, Б.Билгүүн 18 оноо, 5 самбар, Чу Мадуабум 14 оноо, 6 самбар, 4 блок, Horace Bond 12 оноо, 15 самбар, 4 бөмбөг таслалт, М.Бадрах 11 оноо, 4 самбар, З.Дэлгэрням 10 оноо, А.Бямбадорж 9 оноо, 4 самбар, О.Сэргэлэн 8 оноо, 5 самбар авч, 6 оновчтой дамжуулалт өгчээ. Ингэснээр энэ тоглолтонд 109:92 харьцаатай “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” баг хожиж, цувралд 4-0 харьцаатай ялалт байгууллаа. SBL Хасын Хүлэгүүд баг ийнхүү хоёр дахь улиралдаа дараалан Үндэсний Супер Лигийн аваргын төлөө тоглохоор болж байна. Харин анх удаагаа плэй-оффт шалгарч чадсан, залуу бүрэлдэхүүнтэй “Баянгол Гурван Тамир” багийн хувьд дараа улирлын хүлээхээс өөр аргагүй боллоо.