
Цомгийн ажлаасаа илүүтэйгээр хөлбөмбөгийн ДАШТ-нд анхаарлаа хандуулж байгаа алдарт дуучин хөлбөмбөгт хэр хорхойтой болох нь тодорхой байна. Тэрбээр "Euphoria" цомгийнхоо бэлтгэл ажилд орчихсон байгаа бөгөөд цомгийн бичлэгийн ажил нь яг ДАШТ-ий үеэр таарчээ. Тиймээс бичлэгийн компанийн захирлаас есдүгээр сар хүртэл цомгийн ажлыг хойшлуулахыг гуйсан байна. Тиймээс бичлэгийн студийнхэн Испанийн багийн тоглолттой үед Enrique-г “чөлөөлөхөөр” болжээ. Хүүхэд байхдаа л АНУ-ын иргэн болсон ч түүний зүрх сэтгэл Испанидаа байдаг аж Үүнийг Enrique Испанийн багийг дэмжиж байгаагаар нь төвөггүй олж харж болно. Харин тоглогчдын хувьд К.Роналдо, Лионил Мисси нарыг дэмжиж байгаа ажээ. Харамсалтай нь одоогоор Испанийн баг Швейцарьтай тоглоод хожигдсон байгаа. Харин өнөө орой Гондурастай тоглоно.Дуучин маань тэдний чухам хэрхэн тоглохыг сэтгэл догдлон үзэх биз ээ.
Энэ удаагийн ДАШТ-нд Enrique Аргентинийг түрүүлэх байх хэмээн бодож байгаа гэнэ. Хойд Солонгосын тоглогчид туйлын сайн байгааг тэрбээр дурьдаад “Бразилд ч мөн ам сайтай байна. Мэдээж хэрэг Испанийн багийг шилдгүүдийн тоонд үлдээсэй” хэмээн байнга залбирч байгаа гэнэ. Гэвч ёстой л бөмбөг бөөрөнхий гэгчээр ДАШТ-нд чухам аль баг хожихыг хэн ч тааварлашгүй.
Э.Энхцэцэг