В.Януковичийн эсрэг эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

В.Януковичийн эсрэг эрүү үүсгэжээ

Украины төрийн тэргүүний албанаас зайлуулагдсан Виктор Януковичийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах тушаал гаргасан тухай тус улсын Дотоод хэргийн сайдын албыг түр хашиж буй Арсен Аваков фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Гэм зэмгүй украинчуудын эсрэг цэргийн хүч хэрэглэж, энгийн иргэдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж, Украины ерөнхийлөгч Виктор Янукович болон өөр бусад албаны хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

В.Янукович Украин улсыг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсаны дараа орон даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан, бослого гарах болж, өдөр ирэх тусам улам гаарсаар өнгөрсөн долоо хоногт хэдэн арван хүн амиа алдсан билээ. Улмаар Дээд радын гишүүд өнгөрсөн бямба гаригт В.Януковичийг ерөнхийлөгчийн албанаас огцруулж, экс-ерөнхий сайд Юлия Тимошенког суллах тогтоол гаргасан билээ.

Төрийн тэргүүний хувьд Виктор Янукович телевизээр мэдэгдэл цацаж, өөрийгөө Укриан улсын хууль ёсны ерөнхийлөгч бөгөөд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдчихээд Киев хотыг орхин зугтсан юм. Одоогоор түүнийг Харьков хотод бүгэж буй гэсэн албан бус мэдээлэл байна. Дотоод хэргийн сайд Арсен Аваковын хэлснээр Янукович ням гаригт Балаклавад байсан нь тодорхой бөгөөд удалгүй автомашинаар зугтсан байна.

Сөрөг хүчний төлөөлөл Аваковын тухайд өнгөрсөн бямба гаригт Дотоод хэргийн сайдын албанд түр томилогдсон юм.

Дашрамд, Украины Сангийн сайдын албыг түр хашиж буй Юрий Колобов Украин улсад яаралтай 35 тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа тул олон улсаас тусламж гуйжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж