Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороо, насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн зүүн талд барилгын суурь ухсан нүхэнд авто машин унаж, ээж, охин хоёр амиа алдан, таван иргэн хүнд бэртсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гарчээ.
“Өдрийн шуудан” сонинд гарсан энэ тухай мэдээлэлд дурьдсанаар ослын газарт Онцгой байдлынхан очиж ажилласан боловч машиныг татаж гаргах кран байгаагүй тул хохирогчийн ах Г кран авчирч, осолдсон иргэдийг автомашинтай нь татаж гаргасан байна. Тэд машинд долуулаа сууж явсан бөгөөд таван хүн одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм байна.
Оршин суугчдын яриагаар дээрх ухсан нүх нь “Гангар инвест” компанийн барилгын ажил эхлүүлсэн хэсэг хэмээж байгаа бол тус компанийн зүгээс “Хан-Уул дүүрэгт манай компанийн нэр дээр ямар ч барилгын ажил эхлүүлэхээр авсан газар байхгүй” гэх тайлбар өгч байна.
Г.НАРАН