Түүнийг тойрогтоо ажиллах үеэр нутгийнхан нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн хүүхэд, багачуудыг шатрын спортод элэгтэй болгох санаачилга нь ажил хэрэг болж 9999 шатарч хүүхэд нэгэн зэрэг оюунаа уралдуулахаар бэлтгэгдэж байгааг дуулгаж, бүх сумдын сургуулиудад сорилго тэмцээн болсныг онцлон дуулгав.
Тухайлбал, 7000 гаруй хүн амтай Их-Уул сум сургуулийн насны 1000 орчим хүүхэдтэй аж. Тэднээс 700 гаруй нь шатрын спортоор хичээллэж 9999 шатарчинд оролцох бэлтгэлээ базааж буй юм байна. Шатрын багш Ч.Амгаланбаатарын тайлбарласнаар бага ангийн багш нар сурагчиддаа шатрыг заах сонирхолтой болжээ. Орчин цагт хүүхдүүд шатар тоглохоос илүүтэй PC тоглохоо илүүд үздэг. Тэгвэл тус сумын хүүхэд багачууд шатар сонирхох болж долоо хоног бүрийн бямба гаригт 10.00-17.00 цаг хүртэл шатрын клубд ирж хичээллэдэг болсон байна. Шатрын тэмцээнд өрсөлдөөд алтан медаль авсан 5 настай н.Мөнхбаяр хүү “Би шатраар хичээллэх дуртай, тэмцээнд ороод алтан медаль авсандаа их баяртай байгаа. Шатраа би орхихгүй” гэлээ.
Тосонцэнгэл сум хүн амынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг. Тус сум хүүхэд бүрийг шатарчин болгохоор зорьж, хичээлээс гадуурх хөтөлбөртөө багтаажээ. Үр дүн нь ч гарч 400 гаруй сурагч шатраар хичээллэх болсон байна. Ирэх намар товлогдох 9999 шатарчны тэмцээнд Тосонцэнгэлийн хүүхдүүд өнгөлөх байх аа гэсэн өөдрөг үгийг сургуулийн багш нар нь хэллээ. Мөн сурагчид оюуны их спортоор хичээллэснээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон төдийгүй шатрын спортоор хичээллэгсдийн нас залуужиж таван настнаас төгсөх ангийн сурагч хүртэл өргөжжээ.
Өнгөрсөн онд Завхан аймагт болсон шатрын тэмцээнээс тус сумын хүүхэд багачууд хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Тосонцэнгэл сумын хүүхдүүд ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгааг сайдыг тойрогтоо ажиллах үеэр эцэг, эхчүүд мөн багш нар дуулгаж, тив дэлхийд нэрээ дуурсгасан шатарчид төрөх цаг айсуй хэмээн санаачлагаар нь бахархаж буйгаа илэрхийллээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ өдрүүдэд Тэлмэн, Нөмрөг, Идэр суманд ажиллана.