Дорнод аймгийн гурван суманд шүлхий өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн гурван суманд шүлхий өвчин гарчээ

Дорнод аймгийн Баянтүмэн, Матад, Халхгол суманд малын гоц халдварт шүлхий өвчин, мөн аймгийн Булган суманд дээрх өвчний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр Засгийн газрын Ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна. Засгийн газрын Ажлын хэсгийг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, дээд дэслэгч М.Энх-Амар ахалж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн үржлийн газар, Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтнүүд багтжээ. Ажлын хэсгийнхэн бямба, ням гаригт Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилласан бол  одоо Дорнод аймагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн гурван сумд шүлхийтэй, нэг сумд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд тус аймгаас хөлөөр нь болон ямар ч малын махыг оруулж, гаргахгүй байх арга хэмжээг авч эхэлсэн юм.

Харин Хэнтий, Сүхбаатар аймгуудад өвчин гараагүй тайван байдалтай байгаа тул  урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж. Тус аймгуудад автозамын пост дээр ариутгал, халдваргүйтгэл хийх цэг ажиллуулж, аймаг руу орж, гарч байгаа авто тээврийн хэрэгслийн дугуй, зорчигчдын хувцас, гутланд ариутгал хийж байна.
Түүнчлэн Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Өмнөговь аймгуудад шүлхий өвчин гарахаас сэргийлж 362,4 мянган бод, 6888,1 мянган бог малыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар болсон гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж