Багануур дүүрэг шинэ сургуультай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Багануур дүүрэг шинэ сургуультай боллоо

Багануур дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Уг шинэ сургуулийн нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр болон Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Корали Геверс нарын албаны хүмүүс оролцож, нөхцөл байдалтай нь танилцжээ. Тус сургуулийн  барилгын ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр 2011 онд эхлүүлсэн ч  санхүүжилт саатаж, барилгын ажил он дамжсан байна. Харин 2013 онд БШУЯ-аас энэ асуудлыг шийдвэрлэж, 900 гаруй сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс гаргаснаар сургуулийн барилга бүрэн ашиглалтад оруулсан ажээ.

Нийслэлээс 100 гаруй км-т орших тус дүүрэг 27 мянган хүн амтай, хоёр дунд сургуультай. Хүн ам өсөхийн хэрээр сургууль цэцэрлэгийн ачаалал ихэсч ерөнхий боловсролын хоёр  сургуульд 5000 гаруй сурагчид гурван ээлжээр хичээллэдэг болсон байна. Шинэ сургуультай болсноор сургуулийн ачаалал хоёр дахин буурч, хоёр ээлжээр хичээллэх юм байна. Сүүлийн үеийн стандартаар баригдсан тус сургуулийн  спорт заал, хөгжмийн танхим гэх мэтчилэн жижиг гэлтгүй бүх зүйлийг тооцоолж барьсан ажээ. Тухайлбал, цонхны зохион байгуулалтыг хийхдээ хана дагуу томоор хийж өгсөн нь анги танхимыг  дулаан, тохилог болгоод зогсохгүй эрчим хүчийг ч хэмнэж чадсан талаар албаныхан онцоллоо.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж