Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улс 11.7 хувийн эдийн засгийн өсөлттэйгөөр өнгөрсөн оноо үдлээ. Иймд ярилцлагынхаа эхэнд өнгөрсөн жилийн мөнгө, санхүүгийн зах зээлд та ямар дүн тавих талаар асуумаар байна?
-Дүгнээд хэлэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 11.7 хувиар өсч, өсөлтөө хоёр оронтой тоонд хадгалж чадсан нь том амжилт юм. Өнгөрсөн онд гадаад орчин бүхэлдээ муу, эдийн засгийн ерөнхий төлөв байдал таатай байсангүй. Бидэнд гадаад валютын урсгал сайжрах болов уу, эдийн засагт үлэмж их нөлөөлөл бүхий томоохон төслүүд хэрэгжээд явчих болов уу, тэр хэрээр валютын урсгал сайжрах болов уу гэсэн хүлээлт ноднин жилийн турш байсан ч, харамсалтай нь валютын урсгал сайжрахгүй байсаар өнгөрсөн оныг үдсэн.
Гэсэн ч нийт эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Монголбанк Засгийн газартай хамтран бодлогын олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд хадгалж, санхүүгийн болон эдийн засгийн болзошгүй хямралыг тойрч гарч чадлаа. Үүний зэрэгцээ 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр олон өрх айлд орон сууцтай болох, орлогоо хуримтлал болгох, идэвхтэй зөв амьдрах боломжийг нь нээж өгсөн. Нөгөө талаар энэ хөтөлбөрийн үр дүнд иргэд зохистой хэрэглээтэй болж, эдийн засаг маань хуримтлалд суурилсан болох боломж бүрдэнэ.
-Тэгвэл энэ онд манай эдийн засгийг ямар ирээдүй угтаж байна вэ. Алтны татварыг 2.5 хувь болголоо. Бас Хөрөнгө оруулалтын хууль хэрэгжээд явж байна?
-Нөхцөл байдал сайжраагүй байгаа хэдий ч, бидний хувьд энэ жилийн зураг өнгөрсөн онтой харьцуулбал илүү сайжирна гэсэн хүлээлттэй байна. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсан нь урт хугацаанд хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бий болгоно. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт сэргэх болов уу. Мөн удаан хугацаанд гацаанд байсан Оюутолгой, Тавантолгой төслийн асуудлууд нэгмөсөн эцэслэн шийдэгдэх, төслийн томоохон хөрөнгө оруулалтууд эхлэх, үүнийг дагаад дунд, жижиг хэмжээний хөрөнгө оруулалтууд нэмэгдэх магадлал байна. Үүн дээр нэмээд Оюутолгойн ил уурхайн олборлолт, экспорт энэ онд эрс нэмэгдэнэ. Нөгөө талаар дэлхийн эдийн засаг сэргэж, Хятадын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд хүлээгдэж байснаас харьцангуй сайн гарч байна. Эрдэс түүхий эдийн үнэ тэгтлээ унахгүй, тогтвортой байх болов уу гэсэн хүлээлт байна. Энэ бүхнийг харгалзан үзээд эдийн засагт ач холбогдол өндөр том төслүүдээ урагшлуулах юм бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд, цаашлаад дунд хугацаанд хоёр оронтой тоонд хэвээр байх боломж дүүрэн байна. Гэхдээ үүний зэрэгцээ бид эдийн засгаа дархлаажуулах хэрэгтэй. Үүний тулд гадаад зах зээлээс хамаарах хамаарлаа аль болох багасгаж, хэрэглээний гол бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох, экспортыг дэмжих, эдийн засгаа аль болох төрөлжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр дэлхийн зах зээлийн шуурганаас эдийн засгаа хамгаалж, хохирол багатай сөрөөд гарчих боломжтой юм. Гадаад орчинд сөрөг өөрчлөлт гарвал түүнийг дагаад Монголын эдийн засаг түүнээс хоёр, гурав дахин хүчтэй нурдаг байж болохгүй. Үүний оронд гадаад орчны сөрөг нөлөөг хамгийн бага хохиролтой даваад гардаг дархлаатай, хэрэгцээгээ аль болох дотоодоосоо хангадаг, дотоодын үйлдвэрлэл нь өрсөлдөх чадвартай тийм л эдийн засаг болохын төлөө бодлогууд уялдах хэрэгтэй.
-Саяхан Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргалаа. Бодлогын хүүг хэвээр үлдээсэн байна. Энэ ямар учиртай вэ?
-Бодлогын хүүг өөрчлөлгүй 10.5 хувьд хэвээр үлдээсэн. Бидэнд бодлогын хүүг бууруулж, мөнгөний бодлогыг сулруулах замаар эдийн засгийг дэмжих боломж, нөхцөл яг одоогоор бүрдэж өгөхгүй байна. Энэ нь нөгөө л валютын урсгал сайжрахгүй, том төслүүд гацаанаас гарахгүй байгаатай холбоотой. Нөгөө талаар бодлогын хүүг нэмэгдүүлэхээр нөхцөл байдал бас бий болоогүй байна гэж үзсэн. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл бол 2014 оны дүр зураг 2013 оноос сайжрах болов уу гэсэн эерэг хүлээлт юм. Мөн өнгөрсөн онд инфляци 12.5 хувьтай гарсан ч, үүнд төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ болох их дээд сургуулийн сургалтын төлбөр, цахилгаан, дулааны тарифын огцом өсөлтүүд ихээхэн нөлөөлсөн юм. Хэрэв үнийн ийм өсөлт бий болоогүй байсан бол инфляци 2013 оны эцэст нэг оронтой тоонд гарах буюу зорилтот төвшинтэй ойрхон байх боломжтой байлаа. Үнэндээ бид ноднин жил сургалтын төлбөр, эрчим хүчний тариф нэмэгдэхгүй гэж тооцож, инфляцийн зорилтыг найман хувь гэж тодорхойлж байсан л даа.
-Олон улсын зах зээл дээрээс гурав болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд, эсвэл зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлнө гэсэн. Энэ талаараа тодруулж өгөөч?
-Банкууд гадаадаас урт хугацаатай буюу гурваас дээш жилийн хугацаатай гадаад валютын эх үүсвэр татахыг нь бид аль болох бодлогоор дэмжиж байгаа хэрэг юм. Ингэж банкууд өөрсдөө урт хугацаатай, харьцангуй хямд өртөгтэй валютын эх үүсвэрийг татаж, эдийн засагт төгрөгөөр зээл хэлбэрээр шингээж, идэвхтэй ашиглах нь зөв юм. Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэр бол банкуудыг гадаад валютын урт хугацаатай эх үүсвэр татахыг урамшуулж дэмжсэн, банкуудаас бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр байгаа.
-Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэлд гадаад нөхцөл байдал таагүй байгаа нь сорилт бий болгосоор байгааг дурдсан байсан. Ингэхээр бид өөрсдөө дотооддоо ямар алхам хийснээр энэ сорилтуудыг давах вэ?
-Гадаад орчин муу хэвээр байгаа ч, цаашдын хандлага нь 2013 оныхоос сайжрах төлөв ажиглагдаж байгаа. Гадаад орчин сайжрах эсэхээс үл хамаараад бидний дотооддоо нэн тэргүүнд шийдэх ёстой нэг асуудал байна. Бид эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдээ гацаанаас гаргаж, яаралтай урагшлуулмаар байна. Эдийн засагт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт бодитой сэргэхгүй байгаа нь энэ томоохон төслүүдийг тойрсон асуудал шийдвэрлэгдэхгүй удаад байгаатай ч бас холбоотой. Ингэхлээр бид уул уурхайн, дэд бүтцийн том төслүүдээ аль болох түргэн хугацаанд урагшлуулах хэрэгтэй байна. Ингэснээр Монголын эдийн засагт итгэх итгэл сэргэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, тэрийгээ дагаад валютын урсгал сайжрах, эдийн засагт үүссэн хүндрэлүүд арилах эерэг нөлөөллүүд бий болно.
-Тун удахгүй УИХ-ын хаврын ээлжит бус чуулган эхлэх гэж байна. Төсвийн тодотголыг энэ үеэр хэлэлцэнэ. Төсвийн тодорхойгүй зарцуулалтууд нь Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилтийг сулруулж байгааг Мөнгөний бодлогын зөвлөл онцгойлон тэмдэглэсэн байсан?
-Төсөв маань хуулийн шаардлагынхаа дагуу тогтвортой байгаа ч, төсөвтэй адилтгах, төсвөөс гадуурх зардал 2013 онд шинээр бий болж, улмаар цаашдаа нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжилтийг сулруулах, бодлогын тогтвортой байдалд сөрөг нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Иймээс төсвөөс гадуурх зардлыг төсөвтөө оруулж тооцдог болох, түүний тодорхой бус байдлыг арилгах нь мөнгөний бодлого үр дүнтэй хэрэгжихэд чухал гэж Мөнгөний бодлогын зөвлөл үзэж байгаа. Төсвийн тодотголын тухайд бол хэрэв төсвийн орлого төлөвлөснөөс бага байгаа, цаашлаад төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй нь тодорхой байгаа бол төсвийн зардлыг бууруулах чиглэлд тодотгол хийх болов уу гэж харж байна.
-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд нэг их наяд төгрөг зарцуулах гэж байна. Энэ нь мөнгөний бодлогод нөлөөлөх үү?
-Мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөх учраас мэдээж хэзээ, юунд, яаж зарцуулах вэ гэдгийг тооцоолох ёстой. Энэ хөрөнгийг экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, тогтвортой, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглүүлнэ гэж ойлгож байна. Импортоор авдаг бараа бүрийг үйлдвэрлэнэ гэж байхгүй. Харин өөрийн орны онцлог, харьцангуй давуу талд түшиглэж, иргэдийн хэрэглээний сагс, импортын бүтцэд голлох нөлөөтэй бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлтийг сайжруулах нь чухал юм. Үүгээрээ эдийн засгийн өрсөлдөх чадвар, дархлааг сайжруулна. Гэхдээ энэ нь богино хугацаанд хийгдэх ажил ерөөсөө биш. Үр дүн нь дунд, урт хугацаанд гарна.
-Эдийн засгийн тогтвортой хөгжил гэдэг чухал сэдэв. Энэ зорилгодоо хүрэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
-Нэгдүгээрт, хуримтлалд суурилсан, өөрийн гэсэн дархлаатай, хүчтэй дундаж давхаргадаа тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй болоход бүх бодлого чиглэж байх нь чухал. Хоёрдугаарт, гадаад валютын урсгалыг аль болох тогтвортой байлгаж, хөрөнгө оруулалтын урт хугацааны бодлого хэрэгжүүлэх нь чухал. Валютын урсгал тогтвортой сайн байснаар улсын зээлжих зэрэглэл сайжирч, эдийн засагт итгэх итгэл нэмэгдэх бөгөөд тэр хэрээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл боломж бүрдэнэ. Гуравдугаарт, гадаад зах зээлээс хэт хамаарах хамаарлаа аль болох багасгаж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ингэхдээ эдийн засгийг олон тулгууртай болгож төрөлжүүлэх урт хугацааны бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ аль ч тохиолдолд инфляцийг бууруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийн зорилтод хүрнэ гэж үгүй. Тиймээс Монголбанкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдлыг хангахад оршдог бөгөөд манай орны хувьд инфляцид үлэмж нөлөөтэй байдаг нийлүүлэлтийн саад, хязгаарлалтуудыг арилгах бодлого, хөтөлбөрийг бид Засгийн газартай хамтран 2012 оны сүүл үеэс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Богино хугацааны үр дүнгүүд гарсан хэдий ч, хөтөлбөрийн эцсийн үр дүн нь дунд хугацаанд гарах юм.
-Өнгөрсөн жил манай улсын хөрөнгө оруулалтын томоохон төслүүд зогссон ч эдийн засаг өссөнтэй давхцаад зээл, мөнгөний хэмжээ өссөн байна?
-Мөнгө, зээлийн үзүүлэлтүүд муудах эрсдэл байсан. Бид өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бодлогоороо мөнгө, зээлийн үзүүлэлтүүдийг тогтворжуулж, улмаар сэргээсэн. Экспорт буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр багассан үед бид санхүүгийн салбартаа ямар нэг хүндрэл бий болгосонгүй, аюулыг тойрч гарч чадсан. Үүний үр дүнд банкуудын үйл ажиллагаа зохистой, хэвийн байна. Зээлийн тасалдал үүссэнгүй. Эдийн засагт санхүүгийн эх үүсвэрийн дутагдал бий болсонгүй.
-Өнгөрсөн онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 19 хувиар суларсан байна. Хэзээ үндэсний валютын маань ханш сэргэх вэ?
-Өнгөрсөн жил Монголд орсон гадаадын хөрөнгө оруулалт 55 хувиар буурсны зэрэгцээ манай улсын экспортын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унаж, экспортын орлого багассан. Ингэхлээр Монгол Улсад орж ирэх валютын хэмжээ маш ихээр багасч, төлбөрийн тэнцэл их хэмжээний алдагдалтай болсон. Үүнтэй уялдаад төгрөгийн ханш гадаад валютын эсрэг суларсан байгаа. Гэхдээ бид ханшийн хямралд нэрвэгдээгүй. Ханш ингэж суларснаас болж санхүү, эдийн засгийн тогтвортой байдал алдагдаагүй. Энэ нь ханш нь эдийн засгийнхаа ерөнхий тэнцвэртэй уялдаад зах зээлд уян хатан тогтож байх, Монголбанк зөвхөн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлнэ гэсэн бодлогын маань үр нөлөө юм. Валютын зах тогтвортой байх, улмаар валютын ханшийн эрсдэлийг бууруулахын тулд эдийн засагт орж ирэх валютаа л нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд хамгийн ихээр нөлөөлөх хүчин зүйл нь гацаанд байгаа том төслүүдийн хэрэгжилтийг түргэн хангуулах явдал юм.
-Энэ жилийн төсөвт төгрөгийн ханш 1384 байхаар тусгасан. Энэ хаанаас гарсан тоо вэ?
-Монголбанк төгрөгийн ханшийн ирээдүйн төвшний талаар аливаа тоо, мэдээлэл зах зээлд хэлдэггүй. Хэлэх ч ёсгүй. Энэ 1384 гэсэн ханш бол улсын төсөвт Засгийн газраас тусгасан ханш. Энэ оны мөнгөний бодлогыг баталсан УИХ-ын тогтоолд улсын төсвийн төлөвлөлт, тооцоонд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг төсөөлөхдөө тогтсон аргачлалаар, бодитой эх үүсвэрт үндэслэж байхыг Засгийн газарт даалгасан байгаа. Тэгэхээр 2015 оны улсын төсөв боловсруулахаас эхлээд Засгийн газар төгрөгийн ханшийн хувьд бодитой эх үүсвэр ашиглаж, тодорхой аргачлал, үндэслэлтэй тооцдог болно гэсэн үг.
-Энэ онд инфляцийг нэг оронтой тоонд барихын тулд Монголбанк ямар ямар арга хэмжээ авах вэ?
-Юун түрүүнд Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Энэ бол нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах арга хэмжээ. Засгийн газраас дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг нь сайжруулж, арга хэрэгслүүдийг нь зах зээлийн зарчимд суурилсан хэлбэрт үе шаттай шилжүүлэх юм. Нөгөө талаар эрэлтийн гаралтай инфляцийг бид мөнгөний бодлогын бусад арга хэрэгслээр удирдаж, зохицуулна. Энэ бол Монголбанкнаас тогтмол хийж байдаг бодлогын арга хэмжээнүүд. Нөгөө талаар Монголбанкнаас үл хамаарах тодорхой асуудлууд бий. Тухайлбал, Засгийн газраас энэ онд төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнийг нэмэхгүй байх шаардлагатайн дээр гадаад валютын урсгалыг эрс сайжруулах хэрэгтэй байна.
-Энэ жил Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр өнгөрсөн оныхоос ямар ялгаатай байх юм бэ?
-Хөтөлбөр үргэлжилнэ, гэхдээ үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, сайжруулах тал дээр илүүтэй ажиллана. Үүнд Засгийн газрын үүрэг, оролцоо илүү чухал байгаа.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрхэн хэрэгжих вэ. Энэ зээлийн хүү буурах уу?
-Энэ хөтөлбөр манай улсад маш их хэрэгтэй байсан. Иргэдийг орон сууцтай болгох, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэхэд их чухал алхам болсон. Бид уг хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлнэ. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Хүүний тухайд 8 хувь хэвээр байна. Инфляци буураад 6 хувь, түүнээс бага болох юм бол хүү нь 7 хувь болж буурна гэж журамд заасан байгаа.
-Банкуудын эрүүл мэнд ямар байна вэ. Зэрэглэл тогтоогч гадаадын байгууллагаас манай хоёр ч банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан?
-Банкны систем урьд өмнө байгаагүйгээр тогтвортой, банкууд Монголбанкны зохистой харьцааны шаардлагуудыг сайн хангаж ажиллаж байгаа. Банкуудын ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтүүд сайн, үйл ажиллагаа нь хэвийн байна. Банкны зээлжих зэрэглэл бууруулсан тухайд бол энэ нь тухайн банк гэхээсээ илүүтэй манай улсын зээлжих зэрэглэл сайжрахгүй байгаатай л холбоотой болов уу. Нөгөө л гадаад валютын урсгал сайжрахгүй, том төслүүд урагшлахгүй байгаа нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, эдийн засагт орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхгүй байна л даа.
-Алтны хуулийг өөрчилж, алтны татварыг 2.5 хувь болгон бууруулсны үр дүн нь Монголбанкинд мэдэгдэж байна уу?
-Үр дүн гарч байгаа нь шууд мэдэгдэж байна. Хэдийгээр одоо алт олборлолт, тушаалтын улирал биш ч гэсэн Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн байгаа. Цаашдаа алтны улирал эхлэхээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ улам бүр нэмэгдэх байх гэсэн эерэг хүлээлттэй байна. Ер нь Монголдоо олборлосон алт Монголбанкиндаа тушаагдаж, гадаад валютын улсын нөөц тэр хэрээр нэмэгддэг, тэр хэрээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломж бололцоо нь нэмэгддэх байх нь чухал юм.
-Алт тушаалт нэмэгдэж валютын нөөц өссөнөөр төгрөгийн ханшид нөлөөлөх үү?
-Төгрөгийн ханш гэж явцуу ойлгох нь өрөөсгөл юм. Төгрөгийн ханш гэдэг чинь эдийн засгийн эрүүл мэндийг илэрхийлж байгаа л нэг шинж тэмдэг болохоос зорилтот үзүүлэлт биш л дээ. Харин эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гэж өргөн агуулгаар ярих нь зохистой. Мэдээж гадаад валютын нөөц маань алтаар нэмэгдэж байвал тэр нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл, боломжийг сайжруулж байна л гэсэн үг. Алт, гадаад валютын нөөцөөр баталгаажсан төгрөгийн нийлүүлэлт эдийн засгийн бодит секторт очиж, тэр хэрээр дотоодод үйлдвэрлэл, бүтээмж нэмэгдэж, чанартай ажлын байр бий болж байх нь туйлын чухал юм. Энэ нь эцсийн эцэст эдийн засаг тогтвортой өсч байх суурь нөхцөл шүүдээ. Бид валютын нөөцгүйгээр ийм зорилтод хүрнэ гэж төсөөлөхөд бэрх. Тийм ч учраас валютын нөөцөө нэмэгдүүлье, тэгэхдээ дотоод эх үүсвэр болох алтыг төгрөгөөр худалдан авах замаар нэмэгдүүлье гэсэн агуулгын хүрээнд хууль эрх зүйн ийм өөрчлөлт орсон. Үр дүн нь дунд, урт хугацаанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин