Л.Болдбаатар агсны охин Б.Үүрцайхын сэтгүүлчдэд өгсөн яриаг хүргэе.
-Аав бид хоёр 2014 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь Алтай таван богд уулын Малчин оргилд гарахаар Улаанбаатараас онгоцоор ниссэн. Баян-Өлгий аймгаасаа цааш Цэнгэл сум руу машин хөлсөлж, Алтай таван богд ууланд авирахаар аяллаа эхэлсэн. Ингээд “Бид удаан хугацаанд авиралт хийнэ. Буцахдаа сумын төвөөр дайраад явна” гээд Цагаан гол хэмээх газраас хөлсөлсөн жолоочоо буцаасан юм. Түүнээсээ цааш нэг хоног яваад отог байгуулж, хоёр хоногийн хугацаанд уул руу авирах бэлтгэлээ хийсэн байгаа.
Тэгээд гурав дахь өдрийн өглөө буюу хоёрдугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагийн үед Малчин ууланд мацаж, 17:30 цагийн үед оргилдоо гарсан. Тухайн үед нилээн хүйтэн, цаг оройтсон байсан учир тэндээ зураг хөргөө авахуулаад доош буухаар болсон. Аав маш их баярлаж “Охинтойгоо Малчин уулын 4037 метр оргилыг эзэллээ. Охинтойгоо өвлийн авиралтын эхлэлийг сайн тавилаа. Цаашдаа энэ бэлтгэлээрээ Хүйтний оргилд гаръя” гэж ярилцаж явсан юм. Оргил дээр маш хүйтэн, хүчтэй шуургатай байсан. Оргилоос буухаар доош 100 метр орчим явж байтал хоёулаа зэрэг шахам хөл алдсан. Осол 20:00 цагийн үед болсон. Малчин уул маань маш давчуу, ар тал нь мөс, урд тал нь нуранги асга хадтай. Энгэр тал нь хад асга ихтэй. Хоёул хөл алдаж, би багажинд орооцолдон тогтсон. Харин аав ойр тойронд харагдахгүй байсан. Уруу газар, нилээд хол өнхөрсөн учир тухайн үедээ бага зэрэг шоконд орсон байдалтай байсан. Тэр шөнө сартай байсан учраас ойр тойрны зүйлс сайн харагдаж байсан. Тэгээд энгэрийн цасыг даган доош явтал аавын үүргэвчийг олсон. Дахиад уруудтал аавын малгайны дуулга хэвтэж байсан. Дараа нь бээлийг нь олсон. Нилээд уруудаад цас дуусахын барагцаанд аавыгаа олсон. Анхан шатны тусламж үзүүлэх гэсэн боловч амьсгал хураасан байсан. Гэхдээ яг тэр үед би аавыгаа нас барчихлаа гэж огт бодож чадаагүй ээ.
-Таныг хоёр, гурван өөр мэдээлэлтэй мэдүүлэг өгсөн тухай зарим хэвлэлд гарсан байсан?
-Ийм мэдээллийг хэн, яаж тараасныг мэдэхгүй байна. Мэдээллийг би маш тодорхой өгсөн. Би аавынхаа сургаалийн дагуу аливаа зүйлд тайван хянамгай ханддаг. Аавынхаа хажууд хоёр цаг орчим хугацаанд сууж байгаад хот руу хэл өгөхөөр шийдсэн. Эрэл хайгуул хийсэн зүйл огт байхгүй. Би аавыгаа үлдээсэн газартаа тэмдэг тавиад явсан. Хаана байгааг нь мэдэж байсан. Тэгээд доошоо цаг хэртэй яваад майхандаа ирсэн. Хүлээж байгаад үүр гэгээрэхээр нь Цагаан голоо уруудаад явсан. Миний очсон айл хүртэл 35 км зайтай. Цагаан голоо уруудаж явсаар нэг айлын хаваржаанд очтол гэр байсан. Айл нь эзгүй байсан учир тэндээ хонож, дахиад үүр цайхад нь холбоо барьсан айлдаа очсон. Тухайн айлын гэрээс сүлжээ барьдаггүй учир нилээд өндөр дээр гарч ярьсан. Хамгийн түрүүнд Улаанбаатар руу ээж рүүгээ ярьж, болсон явдлыг хэлсэн. Тэгээд бидний хүргэж өгсөн жолоочтой холбоо барьж чадсан. Тэр жолооч өмнө нь, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан. Жолооч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт хэлж, мэдээлэл хүргүүлж, маш их тус болсон. Баян-Өлгий Онцгой байдлын ерөнхий газрынхан маргааш нь Цэнгэл сумын Цагаан гол руу явсан. ОБЕГ-ын аврагчид замдаа нэг хоноод ирсэн. Ирээд цогцсыг буулгахаар эхний өдөр Малчин уул руу явсан ч цасан шуурга ихтэй байсан учир майхан хүрээд буцсан. Буцаж ирээд мэргэжлийн уулчин хэрэгтэй байгааг аймгийнхаа төв рүү мэдэгдсэн. Ингээд уулын спортын ОУХМ, спортын мастер зэрэг цолтой хүмүүс ирж, тавуулаа дээш авирсан. Энэ нь гурав дахь оролдлого байсан юм. Аавын байгаа газар нь тодорхой учраас олон хүний шаардлага байгаагүй. Дахин хүний амь нас эрсдэх аюултай шүү дээ. Тэгээд шарилыг хоёрдугаар сарын 20-нд 17:00 цагийн үед уулнаас буулгаж, хоёрдугаар сарын 21-ний 17:00 цагт Улаанбаатар хотод авчирсан. Одоо буяны ажил хийж байна.
Хэвлэлийн үеэр Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан ийнхүү ярьсан юм.
-Энэ өвлийн авиралтын талаар Монголын уулчдын үндэсний холбоонд мэдэгдэж, зөвшөөрлийн дагуу явсан. Гавьяат тамирчин Л.Болдбаатар 1981 оноос ханан хадан авиралтын спортоор хичээллэж, уулчдын өнөр гэр бүлд нэгдсэн. Туршлагатай, чадалтай, сайн багш дасгалжуулагч байсан. Монголын уулын спортын анхдагчдын нэг байсан. Өмнөд америк, Африк тивийн оргил, Гималайн нурууны 8000 метрийн өндөрт анх удаа гарсан гээд Монголын уулын спортын олон амжилтын анхдагчийн нэг байсан.
-Уулын спортын түүхэн ийнхүү ослоор нас барсан тохиолдол байдаг юм болов уу?
-Монголын уулын спортын түүхэнд дөрвөн осол гарсан байдаг. 1961 оны аравдугаар сард Увс аймгийн Түргэний ууланд авираад буцаж явсан багаас "кино" Р.Явуухүү гэж зураглаач осолдож, амь насаа алдсан байдаг. Дараа нь Дуган хаданд тэмцээнд бэлтгэж байгаад олсоо сул тавьсны улмаас н.Буянтогтох гэдэг уулчин нас барсан байдаг. 1994 оны хавар Увс аймгийн Түргэний ууланд цугларалтад оролцоод, буцаж явахдаа уулын голд үйж, нас барсан н.Цэрэннадмид гэдэг уулчин байсан. 2014 онд Гавьяат тамирчин Л.Болдбаатар эндсэн нь дөрөв дэх тохиолдол болж байгаа юм.