Асашёорюү Шадар сайдыг дарамталсан гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Асашёорюү Шадар сайдыг дарамталсан гэв

МАХН-ын гишүүн Г.Баярсайхан, Б.Цэрэндорж, М.Ганзориг нарын хүмүүс “МАХН-ыг татан буулгах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэх болсонтой холбогдуулж, МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар өнөөдөр албан ёсны тайлбар хийлээ.

МАХН-д МАН-ын нэр бүхий гишүүд болон урлаг, спортын алдартнууд элсч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүрсэн билээ. Тэр дундаа Гавьяат тамирчин С.Батцэцэгийг МАХН-д элссэн гэх мэдээлэл гарсан ч тамирчин өөрөө тэр мэдээллийг үгүйсгэж, санамсаргүй байдлаар үнэмлэх гардуулсан хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын зүгээс “С.Батцэцэг өөрийн хүсэлтээр анкет бөглөж, намд элсэх тухай хүсэлтээ гаргасан. Харин намд элслээ гэж их аварга Д.Дагвадорж С.Батцэцэгийг дарамталсан байна лээ” гэх мэдээлэл өгөв.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн  энэ талаар “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн гишүүнчлэл сэргээх, шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагааны талаар олон яриа гарч байна. Тамирчин С.Батцэцэгийг хүчээр элсүүлсэн, элсүүлсэн нь худлаа гэх яриа гарсан. Миний гарт түүний гарын үсэг бүхий анкет байна. Бид тэдгээр нэр бүхий хүмүүсийн нэрийг нууцалж байсан учир нь ийм зүйл болохоос урьдчилан сэргийлж байсан юм. С.Батцэцэг болон бусад тамирчдыг батлахаа гардаж авсны дараа Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн хурал болсон байсан. Ингээд С.Батцэцэгийг МАХН-д орсон гэж мэдээд, Д.Дагвадорж аварга Шадар сайд Д.Тэрбишдагва руу утасдаж, дарамталсан. С.Батцэцэгийн мэдэгдэл хийж байгаа нь ч үүнтэй нь холбоотой. Мэдээж ийм дарамт ирж байгаа учир тэр хүүхэд айна шүү дээ. Бид баримтгүйгээр ярихгүй” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт МАХН-тай холбоотой өөр нэгэн мэдээлэл анхаарал татсан нь МАХН-ыг татан буулгахаар шүүхэд хандсан гэх гишүүдийнх нь хийсэн хэвлэлийн бага хурал юм. МАХН-ыг татан буулгахаар шүүхэд хандаад байгаа Г.Баярсайхан нарын хүмүүсийн талаар МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Г.Давааням тайлбар хийхдээ, “Г.Баярсайхан 2011 оны гуравдугаар  сараас МАХН-д зүтгэж эхэлсэн бөгөөд 2012 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллахад нь туслалцаа үзүүлсэн байна. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүл Г.Баярсайхантай хамтран ажиллахаас татгалзаж байгаагаа удаа дараа мэдэгдсэн учир ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Г.Баярсайхан үүнд Шадар сайд Д.Тэрбишдагвыг буруутган, өөрийг нь хамгаалсангүй хэмээн тэрсэлдэж эхэлсэн. Одоо түүний яриад яваа “МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо“ гээд байгаа байгууллага нь хуучин МАХН гэсэн нэрийг МАН болгон өөрчилөхөд татан буугдсан байгууллага. Тэгэхээр хуурамч тамга бүхий албан бичиг бариад МАХН-ыг татан буулгана гэж ярихаа болих хэрэгтэй” гэв.

Харин МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Г.Давааням энэ талаар “Г.Баярсайханы барьж яваа тэр бичгийнх нь тамга хураагдсан, хуурамч тамга. Хураагдсан тамгыг хуурамчаар ашиглаж, хууль зөрчиж байгаа юм. Бид энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Тэр Б.Цэрэндорж гэж нөхөр нэгэн үе Н.Энхбаярын төлөө үхсэн ч чадна гээд өлсгөлөн зарлаад явж байсан хэрнээ одоо Н.Энхбаяр бол хорт хавдар гэчихсэн л ярьж явна лээ. Бид Б.Цэрэндоржийн зүтгэлийг үнэлж, тухайн үед иж бүрэн гэр, хүүхдийнх нь хоёр жилийн сургалтын төлбөрийг төлж байсан. Ер нь эдгээр хүмүүс өөрсдийн ашиг сонирхол нь бүтэлгүйтсэнээс болж, ийнхүү байдал гаргаж байгаа юм” гэв.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгээс Асашёорюү Д.Тэрбишдагва сайдтай юу гэж ярьсныг дэлгэрэнгүй  тайлбарлахыг хүсэхэд, “Шадар сайд орон нутагт томилолттой байгаа учраас Д.Дагвадорж аваргын дарамталсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ирснийхээ дараа өөрөө тайлбар өгөх байх” гэлээ.


Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж