Ч.Гансүх улсад 2.845 тэрбумын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Ч.Гансүх улсад 2.845 тэрбумын хохирол учруулжээ



Үндэсний татварын ерөнхий газар/ҮТЕГ/-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга асан Ч.Энхбат нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан, гэнэт хөрөнгөжсөн гэх хэргийг шүүхээс таван өдөр /2014.02.17-21/ хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Энэ хэрэгт ҮТЕГ-ын хэлтсийн дарга нар ,байцаагчид ШШҮТ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргал тэргүүтэй шинжээч нарын 13 хүнийг шүүгчдэгчээр тооцон шүүсэн. 55 хавтаст хэрэг бүхий хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр 21 хүн, хохирогчоор ҮТЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нуудын төлөөлөл, гурван гэрч, есөн шинжээч оролцжээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс Үндэсний татварын ерөнхий газар/ҮТЕГ/-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарыг ямар хэрэгт буруутган, хэрхэн шийтгэсэн талаарх мэдээллийг хүргэе.

Ч.Гансүх улсад 2.845 тэрбумыг төлнө

Шүүх бүрэлдэхүүн Үндэсний татварын ерөнхий газар/ҮТЕГ/-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийг хээл хахууль авахыг завдсан, хууль бусаар их хэмжээний орлого олсон, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдэд гэм буруутай болохыг тогтоосон байна. Иймээс түүнд найман жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, улсад учруулсан 2.845.309 тэрбум төгрөгийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхээр болжээ. Мөн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга болон Төсвийн орлогын хураалтын тасгийн даргаар ажиллаж байсан Д.Энхбатад мөн найман жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлэх, хууль бусаар олсон 592 сая төгрөгийг хурааж төрийн өмчлөлд, 50 сая төгрөгийг ҮТЕГ-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэ хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан хамсаатан болсон гэгдэх Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргалд биечлэн эдлэх ялыг 36.504 сая төгрөгөөр торгож, улсад учруулсан 86.500 сая төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр болжээ. Харин Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд аудитор хийх эрхийг гурван жилээр хасч, гурван жилийн хорих ял оноосон байна.

Ч.Гансүх нарын авлига, хээл хахуулийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан татварын улсын байцаагч нар болох П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Б.Жаргал, О.Бямбасүрэн нарын татварын улсын байцаагч хийх эрхийг гурван жилээр хасч, тус бүр гурван жилийн хорих ял оноосон байна.

Хэн хэнийг цагаатгав?

Хэрэгт мөн шүүгчдэгчээр татагдсан “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал асан Б.Жаргалсайхан, тус үйлдвэрийн нягтлан бодогч Х.Хандсүрэн, Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Б.Буяннэмэх нарыг гэм буруугүй гэж үзэн, цагаатгажээ.

Ч.Гансүх нар ямар компаниудыг хаацайлж байсан бэ?

Ч.Гансүх нартай хуйвалдаж татвараас хууль бусаар зайлсхийсэн “Кью Жи Экс Монгол” компаниас 13.455 тэрбум төгрөгийг ҮТЕГ-т төлүүлэхээр болсон байна. Мөн “Пибоди Поло Ресорсез” ХХК-иас 1.219 тэрбумыг гаргуулж ҮТЕГ-т олгуулахаар болжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж