Т.Мөнх-Оргил: Монголд тоглолтын заал их дутмаг

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Т.Мөнх-Оргил: Монголд тоглолтын заал их дутмаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдын хүү Т.Мөнх-Оргилтой ярилцлаа.

АНУ-д хөгжмийн чиглэлээр суралцан, мастер хамгаалсан түүнийг Монголын шилдэг залуу гитарчдын нэгээр зүй ёсоор нэрлэдэг.

-Танд анх хэн гитар зааж байв?

-Ахын нөлөө бий. Бат-Оргил ах бүр багаас маань л надад гитар тоглохыг зааж өгсөн. Миний санахын л манай гэрийнхэн баяраар цуглахаараа дандаа дуулж бүжиглэж, сүүлд хийсэн уран бүтээл, шүлэг, дууныхаа талаар ярилцдаг байсан. Урлагийн гэр бүлд өсөхийн сайхан нь энэ шүү дээ. 17 нас хүртлээ хэд хэдэн хамтлагт тоглож байсан. Яг мэргэжлийн төвшинд гэх юм бол долоон жил номын дуу сонссон. 2000 оноос “Radford”-ын их сургуульд гитарийн ангид сурч, 2004 онд баклавр, 2007 онд мастерын зэргээ хамгаалсан.

-Та Америкт суралцаж байхдаа эсвэл төгсөөд хэр олон тоглолтод оролцож байсан бэ?

-Суралцах хугацаандаа хотынхоо жижиг хамтлагуудад тоглож, нилээд туршлага судалдаг байсан. Сургуулиа төгссөнийхөө дараа яг мэргэжлээрээ ажиллахаар Нью-Йорк руу нүүсэн нь надад их азтай учралууд дагуулсан. Тэнд байхдаа  студийн бичлэгт оролцож, зарим олны танил хамтлагуудтай аялан тоглолтоор аялах боломж надад олдсон юм. “Fuugees” хамтлагийн дуучин Lauryn Hill-тэй АНУ-ын тойрон тоглолтонд соль гитарчнаар оролцож байлаа.

-Монголд болж байгаа тоглолтуудыг та хэр үзэж байна?

-Үзэлгүй яахав. Боломжоороо үзэхийг хичээдэг. Манай хөгжимчдийн ур чадвар, гэрэл, тайз үнэхээр сайхан болсон байна. Дутагдалтай тал нь яг сайн дуугаралт, акустиктай тоглолтын заал алга байна. Мэдлэг, туршлагатай хөгжмийн найруулагчид мөн ховор байгаа нь анзаарагддаг.

-Таныг залуу уран бүтээлчид дундаас төрж байгаа авьяаслаг гитарчин гэж рок попынхон хүлээн зөвшөөрдөг болжээ. Та өөрийгөө тэгж үнэлэгдэж байгааг анзаардаг уу?

-Энэ асуултад би хариулахгүй байсан нь дээр байх аа. /Инээв/. Хичээж л байгаа жирийн уран бүтээлч шүү дээ. Манайд сайн гитарчид, авьяаслаг хөгжимчид олон байгаа. Ялангуяа шинэ залуу хамтлагуудад маш авьяастай гитарчид нилээд бий шүү.

-Өдөрт гитарын бэлгэлдээ хэчнээн цаг зарцуулдаг вэ?

-Өдөртөө 4-5 цаг бэлтгэл хийнэ шүү.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Найзуудтайгаа ууланд гарах дуртай. Дулаан үед дугуй унана, гүйнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж