Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр гадаадын зарим иргэд эмнэлгийн үйлчилгээг амралтын өдрүүдээр хийж байгаа тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан сайтад нийтэлжээ. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй жуулчлах зорилгоор Монгол Улсад орж ирсэн хэр нь энгийн нэг оффисын өрөөнд үзлэг хийж байсан эмч нарыг илрүүлжээ.
Өмнөд Солонгос улсын “Есанг Самсунг” эмнэлэгийнхний эрүүл мэндийн үзлэг оношлилгоог бүрмөсөн зогсоожээ. Тус эмнэлгийнхэн хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд үзлэг оношлогоо хийх зар тарааж, зарын дагуу 150 хүн бүртгүүлсэн байсан гэнэ. Тэдгээр эмч нар үе мөчний үзлэг хийхээр зарласан байсан бөгөөд тэдгээр эмч нарыг тус эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх “Кэй Эс Эн” ХХК урьж авчирчээ. Гэтэл тус компани нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо, эмчилгээ зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл огт байхгүй байгаа юм. Тэдний БНСУ-аас урьж авчирсан эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүн нь ч ямар туршлага мэдлэгтэйг баталсан баримт байхгүй байгаа нь хамгийн аюултай юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтарсан шалгалт хийхэд солонгос иргэд жуулчин ангиллын 90 хоногийн визтэй Монгол Улсын хилээр орж ирсэн байжээ.
Ийн Монголд “харлаж” хууль бусаар үйл ажиллагаа явуулсан солонгосууд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группийн байрны таван давхарт үе мөчний үзлэг оношилгоо хийж байсан байна.
Гадаадын гэсэн тодотголтой эмч мэргэжилтэн, гоо сайханч, эмнэлгийн тоног төхөөрөмж, нэмэлт бүтээгдэхүүн болгонд итгэж, тосч очоод мөнгөө өгч байдаг гэнэн зангаа гээхгүй бол буух эзэн, буцах хаяггүй хохирогч болоод үлдэхийг үгүйсгэх аргагүй болжээ. Ядаж л гаднаас ирсэн эмч эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн үнэмлэх, тусгай зөвшөөрлийг шалгачихад илүүдэхгүй нь.
Монголд оршин суух 90 хоногийн визтэй ч 2-3 хоногт эмчилгээ үйлчилгээ үзүүлчихээд, таарах таарахгүй эм бэлдмэл “шахчихаад” буцаад явчихдаг гадныхнаас болгоомжлох цаг болжээ.