Гэр бүлүүдийн уулзалт буюу улстөрийн жүжиг

Хуучирсан мэдээ: 2014.02.22-нд нийтлэгдсэн

Гэр бүлүүдийн уулзалт буюу улстөрийн жүжиг

Солонгосыг Умард, Өмнөд хэсэгт үүрд тусгаарласан 60 жилийн өмнөх дайнаар салсан гэр бүлүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд анх удаагаа уулзалдаж байна. Умард Солонгосын Кумган уулын ресортод тав хоногийн хугацаанд үргэлжлэх арга хэмжээнд хоёр талын 150 гэр бүлийн гишүүд оролцож байгаа аж. Өмнөд Солонгосын 82 өндөр настан бусад 58 хүний хамтаар Умардад хүрэлцэн иржээ. Тэднийг Умардын талаас 180 хүн угтан авсан байна. Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн аймшигт дайн дуусгавар болсноос хойшхи хугацаанд биенээсээ хагацсан гэр бүлүүд зөрчилт хоёр хөршийн харилцаа тогтвортой байх үед жилдээ ганц уулзалддаг уламжлалтай юм. Гэхдээ дайнаар хагацсан гэр бүлүүдийн уулзалт Умардын хувьд улстөр, эдийн засгийн давуу тал олж авах хамгийн том боломж байдаг. Тиймдээ ч Умардын эрх баригчид өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалт нэртэй улстөрийн жүжгээр далимдуулан Өмнөдөөс эдийн засгийн дэмжлэг авч, улстөрийн шантааж хийж ирсэн юм.

Солонгосын дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалтыг анх Улаан загалмайн нийгэмлэгийн 40 жилийн уйгагүй хүчин чармайлтын үр дүнд 1985 онд зохион байгуулж байжээ. Тухайн үед Өмнөд Солонгосын 151 иргэн Пхеньянд очиж, гэр бүлийнхэнтэй уулзсан бөгөөд тэд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сенийг магтан дуулж байв. Гэхдээ энэ нь хүйтэн дайнаас амсхийсэн бэлэгдлийн төдий үйл явдал байсан юм. Харин 2000 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн, Умардын удирдагч Ким Чен Ирийн үед  дайнаар салсан гэр бүлүүдийн хувьд жинхэнэ түүхэн уулзалт болжээ. Гэр бүлүүдийн уулзалт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болж байв. Уулзалтын үеэр Өмнөд Солонгосын иргэн Рю Ми Ён Умардад урваснаар том дуулиан дэгдээж байсан аж.

Дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалт өнгөрсөн 2010 онд хоёр Солонгосын харилцаанд улстөрийн зөрчил үүссэнээс зогссон юм. Үүнээс хойш 2013 оны намар хоёр тал гэр бүлүүдийг уулзуулахаар товлосон ч Умардын зүгээс Өмнөдийг дайсагнасан үйлдэл гаргасан хэмээн цуцалж байжээ. Улмаар Өмнөдийн зүгээс өнгөрсөн онд хэд хэдэн удаа гэр бүлүүдийг уулзуулах хүсэлтийг Умардад тавьсан ч бүтэлгүйтсээр ирсэн юм. Тухай бүрт Умард Солонгос Өмнөдийг дайсагнасан үйлдэл гаргасанд буруутгаж байсан бөгөөд АНУ-тай хийсэн цэргийн сургуулилтууд ихээхэн дарамт болжээ.

Умард Солонгосын хувьд гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулахад ямар ч эрсдэл хүлээдэггүй. Гэр бүлүүдийн уулзалтанд Өмнөдийн талаас ихэвчлэн 4-5 хүн оролцлог бол Умардын талаас ердөө нэг хүн байдаг аж. Мөн ихэнхи уулзалт Хойд Солонгост зохион байгуулагддаг юм.

Өмнөд Солонгосын талаас гэр бүлийн уулзалтанд оролцогчдыг сугалааны журмаар тодруулдаг аж. Түүнчлэн одоо болж буй уулзалтанд оролцогч Өмнөдийн иргэдийн талаас илүү хувь нь 80-аас дээш насныхан тул энэ удаагийнх заримынх нь хувьд сүүлчийх болох юм.

Хоёр Солонгос дайнаар салсан гэр бүлүүдийг уулзуулж эхэлснээс хойш 4000 гаруй гэр бүлийн 22 мянган хүн нэгэнтэйгээ уулзаад буйн 18 мянга нь шууд, 4000 нь дүрсээ харж уулзсан байдаг аж.

Солонгосын хойгт 1950 онд дайн эхлэхээс ч өмнө Умардаас 1.2 сая хүн Өмнөд рүү дүрвэсэн байдаг. Гэвч тэд 1953 онд дайн дууссаны дараа ч Умардад үлдсэн гэр бүлийнхэнтэйгээ уулзах нь битгий хэл утас, захиагаар харилцах боломжгүй болж хоцрохоо мэдээгүй аж. Солонгосын хойгийг 38-р өргөрөгөөр хоёр хуваасан дайнд олон сая хүн амь үрэгдсэнээс гадна эцэг эхийг хүүхдээс нь, ах, эгчийг дүүгээс нь, амраг хосыг нэгнээс нь үүрд хагацуулсан билээ.

Хэдийгээр дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалт нь Умардын эрх баригчдын улстөрийн жүжиг боловч энэ нь Өмнөдтэй харилцаа нь харьцангуй тайван байгааг илэрхийлдэг юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж