Манай улсад “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг уралдаан Азид өмнө нь болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд нийт 30 гаруй оролцогч оролцохоор төлөвлөгдөж байгаа гэнэ.
Энэхүү уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм.
Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах юм.
Уг олон улсын уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулахаар болсон бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам 35 сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа аж.