Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засаг өнгөрсөн оныг ямар үзүүлэлттэй үдэв гэдгийг эргээд нэг харцгаая.

Эдийн засаг 12 орчим хувиар өссөн, инфляци 12 хувьтай гарсан, улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 1.7 хувьтай гарчээ. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурчихсан, экспортын яг бодитой орж ирсэн орлого нь 790 сая ам.доллараар багасчихсан, ерөнхийдөө манай эдийн засгаас 3 тэрбум ам.доллар дутагдсан асар муу орчинд үнэндээ чамлахааргүй л сайн үзүүлэлт юм. Гэтэл энд нэг үзүүлэлт байн байн өөрчлөгдөж, дээшээ доошоо хөдөлсөн, заримдаа буурсан, заримдаа өссөн байх юм. Энэ бол төгрөгийн ханш.

Энэ ханш гэдэг үзүүлэлт өөрөө эдийн засгийн зорилтот үзүүлэлт мөн юм уу? Эсвэл Монголын эдийн засгийн доллар олж ирэх чадварыг нь илэрхийлж байдаг, ерөнхий эрүүл мэндийг нь хэмжиж байдаг шинж тэмдэг үү? Зарим хүмүүс наад долларын ханшаа бариачээ л гэх. Энэ нь Монголбанкийг валютын нөөцөөсөө ахиухан зарж, ханшийг тогтоож барь гэсэн санаа. Ер нь бол улсынхаа валютын нөөцийн савны ёроолыг нь үзээд ч гэсэн хамаагүй төгрөгийн ханшаа л өсгөхгүй байлгаад байвал барав гэсэн үг. Гэтэл зарим нь төгрөгийн ханшийг барих гэж оролдох нь маш буруу, яагаад гэвэл хэрэв тийм юм хийвээс улсаараа ёстой жинхэнэ хямралд орж дампуурч дуусдаг гэх. Ямартай ч, ханшийн талаар Монгол улс маань ямар бодлоготой байдгийг эхлээд УИХ-аас баталсан баримт бичгээс нь хараад үзье л дээ.

Өнгөрсөн 11 сард УИХ-аас мөнгөний бодлогыг баталсан баримт бичигт “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчим баримтална.” гэж заасан байх юм. Үүнийг тал бүрээс нь шинжвэл за ямар ч байсан валютын урсгал, гадаад худалдаа ямар байхаас хамаарч төгрөгийн ханш нь өөрөө чөлөөтэй тогтож байдаг юм байна гэсэн ойлголт эхлээд бууж байна. Гэхдээ ханш ингэж тогтохдоо төгрөгийн тогтвортой байдлыг ч хангах, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг ч дэмжихүйц байх хэрэгтэй гэсэн санаа бас залгаад явж байгаа юм. Энд өгүүлсэн “төгрөгийн тогтвортой байдал” гэж яг юу юм бэ? Энэ талаар ноднин намар УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаануудад олон ч маргаан өрнөсөн дөө.

Эдгээр маргаан мэтгэлцээн чухам юунд хүрч дууссан бэ гэхээр төгрөгийн тогтвортой байдал гэдэг бол Монголын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байх тухай ойлголт юмаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн, ойлгож авцгаасан. Тэгэхээр энэ нь инфляци аль болох бага, тогтвортой байх ёстой гэсэн үг болж байна. Өнгөрсөн 2013 онд төгрөгийн ханш долларын эсрэг 19 хувиар суларсан байдаг. Гэхдээ инфляци 12 хувьтай гарсан. Үүний 3 орчим хувь нь төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалсан ажээ. Ингээд бодохоор төгрөгийн ханш гэдэг нь яг ч бас инфляцийг үүсгэдэг үндсэн шалтгаан биш байх нь. Гагцхүү нийт хэрэглээний сагсны 36 хувийг эзэлдэг импортын бүтээгдэхүүний үнэд шуудаар, импортын орцтой дотоодын барааны үнэд шууд бусаар нөлөөлдөг байна.

Ингээд бодохоор төгрөгийн ханш гэдэг нь өөрөө эдийн засгийн бодлогын зорилтот үзүүлэлт биш бөгөөд ханшаа аль болох тогтвортой байлгахын тулд орж ирдэг валютын урсгалын цоргуудаа л бүрэн нээж өгөх ёстой байх нь. Тиймдээ ч 2013 оны 11 сард УИХ-аас Засгийн газарт валютын урсгалыг сайжруулах арга хэмжээ ав гэсэн даалгавар өгснийг энд дурдах нь зүйтэй болов уу.

Оюу толгой, Таван толгой, 5-р цахилгаан станц, эрчим хүчний болон дэд бүтцийн том төслүүдээ гацаанаас гаргаж, үтэр түргэн хэрэгжүүлж эхэлбэл, нүүрс тээвэрлэх төмөр замаа хурдхан барьж босгоод нүүрснийхээ өртөг зардлыг бууруулаад, нөгөө амласан 30-40 сая тонн нүүрсээ экспортлоод эхэлбэл ч энэ өсөөд байгаа ханш тогтвортой болж, гадаадаас авдаг барааны үнэ тогтворжих нь дамжиггүй юм.

Иймд бүгдээрээ аль болох дотоодын бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе! Импортын барааны хэрэглээгээ арай замбараатай болгож тэвчицгээе! Валют олж чадах үйлдвэрлэлээ дэмжицгээе л дээ!

Б.САРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж