![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/2/47532a57bde39c9d/c33f6020114d4df3big.jpg)
Эмийн шинжилгээний лабораторид эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэгч “Гялс” ХХК нь эмийн шинжилгээнд шаардлагатай нийт 47,3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурилуулжээ. Эдгээр багаж төхөөрөмжүүдийг 2013 оны арванхоёрдугаар сард бүрэн суурилуулж дууссан бөгөөд судлаачдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа ажээ. Лабораторид судлаачид, судалгааны багууд нь энэ сараас эхлэн судалгаа, шинжилгээ явуулж эхлээд буй. Цаашид эмийн судалгааний чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн судлаачид эрдэм судлалын ажлаа хийх боломжтой аж.
ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуульд байгуулсан Эсийн өсгөвөрийн лаборатори нь өнөөгийн Био-Анагаахын салбарын судалгаа шинжилгээ явагдах үндэс болоод буйг албаныхан онцолсон. Уг лаборатори нь эрдэмтэн, судлаачдын Био-Анагаахын чиглэлийн суурь судалгааг хийж гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулан, хэд хэдэн судалгааны багууд хэдийн судалгаа, шинжилгээний ажлаа явуулж байна. Тухайлбал, Монгол-Солонгос улсын хамтарсан “Хайрст үлд өвчний үед ажиглагддаг сэртэнт болон Т эсүүдийн хоорондын холбоо хамаарлыг судлах” судалгаа, ШУТС-ийн “Бодисын солилцооны хам шинж, бодис-энергийн солилцоог зохицуулагч зарим генийн полиморфизм, хүний өвөрчлөл ба дархлаа зохицуулгын онцлогийн судалгаа” зэрэг төсөлт ажлууд судалгааны ажлаа гүйцэтгэж багаа ажээ.
Молекул биологийн лаборатори нь 47 сая төгрөгийн өртгөөр бүтсэн бөгөөд лабораторид “PCR” машин, “Вестерн Блот”, “Гель баримтжуулах систем” зэрэг молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулж, Био-Анагаахын чиглэлээр ажиллаж буй залуу эрдэмтэн судлаачид молекулын түвшний туршилт, шинжилгээ, судалгаа хийх боломжийг бүрдүүлэх юм байна.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/2/ee13b1e2e883a437/3f68b60d9ab63fb5original.jpg)