Л.Гантөмөр: Өөрөөр нь хийлгэх хүүхдийг хөгжүүлэх гол арга

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Өөрөөр нь хийлгэх хүүхдийг хөгжүүлэх гол арга

Боловсрол шинжлэх ухааны яам, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор  “Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа.

Энэхүү ажлын нэг хэсэг нь ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэх юм. Үүний хүрээнд 21 аймаг, нийслэлийн 100 сургуульд физик химийн хичээлийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлээд байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.

-Өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж сургуулиудад өгч байна. Ямар дүн үзүүлэх бол?

-Бид аль болох хүүхдийнхээ авьяасыг нээхэд анхаарсан шинэчлэлийн ажил чиглүүлж боловсролын чанарыг сайжруулах, чанарын шинэчлэлийн ажлыг өрнүүлж байна. Байгалийн ухааны хичээл гэдэг нь номноос зааж, самбараас үзээд хязгаарлагдах зүйл биш юм. Энийг гараараа хийж, үзэх нь байгалийн ухааны авьяасыг нээх боломжийг бүрдүүлэх учиртай гэж энэхүү цогц лабораторийг сургуулиуддаа байгуулах ажлыг эхлүүлж, өнөөдөр 100 сургуульд гардуулан өгч байна.

Мөн энэ ондоо багтаагаад нэмж 100 сургуулийг лабораториор хангана. Ер нь бидний дэвшүүлж байгаа зорилт бол бүх сургуулийг байгалийн ухааны лабораторитой болгох юм. Ном хөтөлбөр дээр бага ангийн хүүхдүүдэд ном өгөхөд унших хандлага нь эрс сайжирч байсан. Үүнтэй адил физик, химийн хичээл дээр хүүхдүүдээр шинжлэх ухаан гэж юу вэ, Байгалийн ухаан гэж юу вэ гэдгийг зөвхөн томъёо номноос биш амьдрлаас ойлгох боломж бүрдэнэ. Ирээдүйн олон авъяаслаг эрдэмтэд, физикчид, инженерүүдэд бага ч болов туслаж байгаа гэж хэлж болно.

– Багш нарын заах арга зүй дээр хэрхэн анхаарах вэ?

-Өнөөдөр 44 дүгээр сургууль дээр Физикийн багш нар Багшийн хөгжлийн институтэд химийн багш нар сургалтад хамрагдаж байна.

-Лабораториор хангагдаж байгаа сургуулиудыг хэрхэн шалгаруулсан бэ?

-Стандарт хөтөлбөрөө чанарын шинэчлэлтэйгээ уялдуулаад шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлыг туршилтын шугамаар 40 сургууль дээр хийж байгаа. Эдгээр сургуулиудад лаборатори хүлээлгэн өгсөн. Мөн сургалт нь сайн байгаа сургуулиудыг сонгож авсан. Дараагийн 100 сургууль ч адилхан стандартаар явна. Нэг үгээр хэлбэл, байгалийн ухааныг ойлгуулахад анхаарч, хичээж байгаа хэсгийг нь урамшуулах байдлаар эхний сонголтыг  хийсэн.

-Өмнө нь эдгээр сургуулиудад байгалийн ухааны лаборатори байгаагүй гэсэн үг үү?

-Байсан ч дэндүү хоцрогдсон. Одоо цаг үед хүүхдийг хөгжүүлэх бүх зүйлыг шинэ техник технологитой хөл нийцсэн байх учиртай. 

-Сургалтын чанарыг цаашид яаж сайжруулах вэ?

-Сургалтын чанар арга зүй технологийг сайжруулах хөдөлгөгч хүч нь хүүхэд өөрөө ном уншиж, хичээлээ давтах юм. Хүүхэд өөрөө өөрийгөө дайчлах тэр боломжийг бид яаж гаргах вэ гэдэг нь хамгийн гол нь гэж ойлгож болно. Тэгэхээр энэ лаборатори нь хүүхэд 40 минут ямар нэгэн зүйлийг олж мэдэхийн тулд өөрийгөө дайчлах, боломж олгож байгаараа давуу талтай. Багшийн заахыг хараад суух биш өөрөө судалгаа, туршилт хийж үзэх гэдэг бол хүүхэд бүрийг хөгжүүлэх гол амин сүнс нь юм.

Эх сурвалж: www.mass.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж